Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2022-10-02
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 Уулзалтын үеэр талууд өөрсдийн үйл ажиллагаа, стратегийн чиглэл, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах, авлига, хүнд суртлыг халах, байгаль орчныг хамгаалах, баялгийн шударга хуваарилалт, бизнесийн орчныг сайжруулах зэрэгт онцгой анхаарч байгааг зөвлөхүүд тэмдэглэв.

Энэ хүрээнд хоорондоо цогц уялдаатай “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн санаачлан хэрэгжүүлж байгааг дурдав.

Зөвлөхүүд мөн Монгол Улсыг Европын ногоон санаачилгын нэг хэсэг болох “Ойн түншлэл” хөтөлбөрт урьж, тус хөтөлбөрт хамрагдах Ази тивийн анхны улс болох боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлэв.

 Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монгол хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен Монгол Улсын хөгжлийн гол шинэчлэлүүдийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний гурван хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, хамтран ажиллах шинэ боломжуудыг эрэлхийлэх, харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.