БХЯ, хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
Үйл явдал
/
2022-06-08
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Хүний эрхийн Үндэсний комисстой 2022-2024 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажуулав. Энэхүү санамж бичгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан нар үзэглэв.

Санамж бичигт Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цэргийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, цэргийн нэгтгэл, анги, байгууллага дахь дүрмийн бус харьцаа, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон зорилтыг тусгажээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ үеэр хэлсэн үгэндээ “Бидний хамтын үйл ажиллагааны үр дүнд хүний эрх нь элдэв баримт бичигт чимэг болгож хэрэглэгддэг тунхгийн шинжтэй үг биш, харин цэргийн алба хаагчид хоорондоо хэрхэн зөв дүрмийн дагуу харьцах харьцааг тодорхойлж, харьцаа хандлагыг өөрчилж, хүний эрх бол нийгмийн үнэт зүйл гэдгийг ойлгуулахад чухал ач холбогдолтой” гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Ташрамд, Хүний эрхийн Үндэсний комиссоос 2006, 2016, 2021 онуудад Зэвсэгт хүчний ажилтан алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, ажиллах орчин, нөхцөл, дүрмийн бус харьцааны талаар судалгаа, дүгнэлт, хяналт шалгалтын ажлыг хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ирүүлсэн шаардлага, зөвлөмжийн дагуу хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.176.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.