Дэлхийн энхийг сахиулагч бүсгүйчүүд чуулж байна
Үйл явдал
/
2022-06-17

“Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Тус хуралд дэлхийн 30 улсын 60 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний жендерийн тэгш байдлыг хангах стратегийн хэрэгжилтийг хэлэлцэж, цэргийн албаны бүх шатанд эмэгтэйчүүдийг элсүүлэх, сургах, сонгон шалгаруулахад тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлох, сайн туршлага, сургамжийг харилцан солилцох юм.

Энэхүү хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийн ажиллагааны газрын дарга Жан-Пьер Лакруа, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүндэт зочид төлөөлөгчид оролцож байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зөрчил, мөргөлдөөн хямралаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үр дагаврыг арилгахад чиглэсэн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, мөн хүүхэд, эмэгтэйчүүдийг зэвсэгт мөргөлдөөн, хямралын үед хамгаалах тогтолцоог бэхжүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүд, Энх тайван болон Аюулгүй байдал” тогтоолыг 2000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталж гишүүн улсуудад энэ талаар идэвхтэй арга хэмжээг авахыг уриалсан байдаг.

Үүнтэй уялдаатайгаар НҮБ-ын удирдлага, тэр тусмаа Энхийн ажиллагааны газар эмэгтэй цэрэг, цагдаагийн албан хаагчдын тоог шат дараатайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж, энэ чиглэлд гишүүн улс орнууд хамтран ажиллахыг санал болгодог. Манай орны хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нийт 900 орчим эмэгтэй цэргийн алба хаагчийг 2006 оноос хойш илгээгээд байна. Энэ чиглэлээр Монгол Улс Зүүн Хойд Ази болон Төв Азийн улс орнуудыг тэргүүлдэг юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцож үг хэлэх үеэрээ Монгол Улс энэ чиглэлд идэвх, санаачилгатай ажиллаж, эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах, эмэгтэй цэрэг, цагдаагийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн.

Энэ хүрээнд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоо, туршлага, сургамжийн талаар шат дараалсан хурлуудыг зохион байгуулж алдаа оноогоо дүгнэж, цаашдын зорилтоо тодорхойлсны дээр өнөөдөр эхэлж байгаа “Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын хурлыг ийнхүү зохион байгуулж байна.

Энэ хуралд АНУ, БНХАУ, БНСУ, Австрали, Бразил, Вьетнам, Польш, Бутан, Гана, Нидерланд зэрэг 30 орны 60 орчим төлөөлөгч оролцож байна. Энэ удаагийн олон улсын хурал нь дэлхийн бүх тивийн улс орнуудад цар тахлын үр дагавар арилаагүй, геополитикийн зөрчил хямралтай байгаа хүнд нөхцөлд болж байгаагаараа онцлог юм.

Мөн энэ хуралд эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийдэг Женевийн төв болон гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудын судлаачид оролцож байна. Манай орны хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх нь геополитикийн сөргөлдөөнтэй энэ цаг үед олон улсын байгууллагын энхийг эрхэмлэсэн үйл ажиллагааг дэмжих, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого баримталж, улс төр, дипломатын аргаар улс орны аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгод нийцнэ. Нөгөөтэйгөөр, гадаад бодлого, аюулгүй байдлын салбарт эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, ардчилсан, орчин үеийн нийгмийн дүр төрхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын хурал энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.178.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.