Ж.П.ЛАКРУА: НҮБ-ын цэргийн багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн төлөөлөл 5.8 хувийг эзэлж байна
Үйл явдал
/
2022-06-17

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Жан Пьер Лакруа энэ сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт Олон Улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурлыг нээж үг хэлсэн. Та бүхэндээ үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Өнөөдөр миний бие “Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх нь” үндсэн агуулгын дор явагдаж буй “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал”-ын олон улсын хуралд оролцож байгаадаа баяртай байна.

Энэ хуралд намайг оролцохыг урьж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв болон “Хааны эрэлд” олон улсын дадлага, сургуультай танилцах боломжийг олгосон Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

Түүнчлэн, өргөн цар хүрээг хамарсан энэхүү хурлыг зохион байгуулахад идэвхийлэн ажилласан баг, хамт олонд талархалаа илэрхийлье.

Энэ жил Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, одоо үүрэг гүйцэтгэж байгаа нийт бие бүрэлдэхүүнд хүндэтгэл илэрхийлье. 2002 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин анхны энхийг сахиулгчдаа илгээсэн цагаас хойш Бүгд Найрамдах Ардчилсан КонгоУлс, Либери Улсаас эхлээд Дарфур, Афганистан, Ирак, одоо Өмнөд Судан, Абие, Баруун Сахар, Йемен зэрэг улсуудад, хүнд хэцүү нөхцөлд энхийн ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна. НҮБ-ын үнэт зүйлсийг эрхэмлэсэн энхийг сахиудагчдын хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвар нь олон тооны эмзэг бүлгийн хүн амд өөрчлөлтийг авчирсан. Бид та бүхэнд талархаж байна.

Монгол улсаа төлөөлөн цэнхэр дуулгатны эгнээд алба хааж яваад амь насаа алдсан зургаан энхийг сахиулагчийг эргэн дурсая. Тэдний ар гэрийнхэн болон Монголын төр, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, алтан амиа өргсөн тэдгээр энхийг сахиулагчдад мэхийн ёслоё. Тэдний гаргасан зам мөр биднийг энхийн үйлсэд хөтлөх болно.

Өнөөдрийн хурлаар эмэгтэй энхийг сахиулгчдын асуудалд гол анхаарал хандуулж байгаа нь Монгол Улс НҮБ-ын жендэрийн тэгш байдлыг хангах зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлж буйн нотолгоо юм.

Цэргийн алба хаагчдын 21.43% нь эмэгтэй ажиглагч, штабын офицероор бие даан, 7.77% нь цэргийн багийн бүрэлдэхүүнд тус тус үүрэг гүйцэтгэж, энхийг сахиулах ажиллагааны туршлага, сургамжийг хуримтлуулж, өнөөдрийн хурлыг зохион байгуулах түвшинд хүрснээрээ Монгол Улс НҮБ-ын “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” хөтөлбөрийг дэмжихийн зэрэгцээ Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын 2021 оны уулзалтаар амласан амлалтаа хэрэгжүүлж байна.

Мөн энэхүү хуралд оролцож буй НҮБ-ын энхийн ажиллагаанд цэрэг, цагдаа хандивлагч улсууд, НҮБ-ын гишүүн орнууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, судлаачид, цахимаар оролцож буй төлөөлөгчдөд талархалаа илэрхийлье.

Энхийг сахиулах ажиллагааны нэн тэргүүний зорилтыг хэрэгжүүлэх туршлага, сургамж, сорилт бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал, бодлоо хуваалцах энэхүү боломжийг НҮБ-ын Энхийн ажиллагааны газар өндрөөр үнэлж байна

НҮБ-ын энхийн ажиллагаа нь дэлхий дахинд аюулгүй, тогтвортой, энх тайван байдлыг тогтооход чухал хувь нэмэр оруулдаг. Гэвч тэд урьд өмнө байгаагүй, дэлхий нийтийг хамарсан сорилтуудтай тулгараад байна. Улс төрийн болон ажиллагааны орчинд шинэ сорилтууд нэмэгдэж, нарийн төвөгтэй, олон талт мандатуудыг хэрэгжүүлэх шаардлага өсөн нэмэгдсээр байна.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа нь Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг (WPS) улс төрийн тэргүүлэх чиглэл, үндсэн зарчим болгож байна.

Мөргөлдөөнөөс илүү сайн урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах, тогтвортой энх тайвныг бий болгоход дэлхийн улс орнуудын онцлог байдлыг тусгасан жендэрийн тэнцвэртэй ажиллах хүч урьд өмнөхөөс илүү одоо бидэнд хэрэгтэй байна.

Нэгдүгээрт, багийн бүрэлдэхүүнд, тэр дундаа удирдах албан тушаалд эрэгтэй, эмэгтэй бүрэлдэхүүнийг томилсноор олон талт хэтийн төлөв, өндөр ур чадвар, өргөн туршлагыг хуримтлуулж, ингэснээр бид бүрэн эрхээ илүү сайн хэрэгжүүлэх арга замуудад суралцдаг. Тодорхой жишээг дурдвал:

Өмнөд Судан дахь НҮБ-ын ажиллагаа хамгаалалтын хүчин чармайлтаа сайжруулж, эргүүлийн ажиллагаанд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг хамтад нь оролцуулснаар орон нутгийн иргэд болон НҮБ-ын бүрэлдэхүүн хооронд харилцан итгэлцлийг бий болгож чадсан.

Хоёрдугаарт, энхийг сахиулагч эмэгтэйчүүд нь энхийн ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлж, ялангуяа охид, эмэгтэйчүүдэд өөрсдийн эрх ашгийг хамгаалах, уламжлалт бус хандлагыг тогтооход үлгэр дууриал болдог. Тэд мөн орон нутгийн ижил албан тушаалын хамтран зүтгэгчидтэй харилцан ажилладаг. Тухайлбал, МONUSCO дахь эмэгтэй цагдаагийн бүрэлдэхүүн Конго улсын Үндэсний цагдаагийн газрын эмэгтэйчүүдтэй туршлага солилцож, харилцан суралцсан.

Гуравдугаарт, жендэрийн тэгш байдлыг хангах хүчин чармайлтыг шударга ёсны асуудал гэж бид үздэг. Бүхий л түвшинд, эмэгтэйчүүдийн хүрч чадах зүйлд жендэрээс шалтгаалсан хязгаарлалт байх ёсгүй юм. Эмэгтэйчүүдийг үл ойшоох бус харин дэмжсэнээр тэдний онцгой чадвар, манлайллыг бид илүүтэй мэдрэх юм.

Жишээлбэл, MINUSCA-д уламжлал ёсоор эрчүүд давамгайлан гүйцэтгэдэг хорих байрны хуяглан хамгаалах ажиллагааг эмэгтэйчүүд маш сайн гүйцэтгэж чадахаа нотолсон байдаг.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тэргүүлэх зорилт нь НҮБ-д жендэрийн тэгш байдлыг хангах явдал бөгөөд энэ зорилтыг “Жендэрийн тэгш байдлын тогтолцооны стратеги”-д болон нийтлэг мөрийн хөтөлбөрийн талаарх саяханы илтгэлдээ тусгасан байдаг.

Түүнчлэн, жэндэрийн тэгш байдал нь Энхийн ажиллагааны газрын тэргүүлэх чиглэл бөгөөд Энхийг сахиулах үйл ажиллагааны санаачилгад тусгагдаж, A4P+ буюу Энхийн төлөөх үйл ажиллагааны стратегийн дагуу хэрэгжиж байна.

2021-2023 онд бид энхийг сахиулах ажиллагаанд зөв сэтгэлгээтэй, зөв чадавхийг бий болгохоор хүчин чармайж байна. Үүний нэгээхэн хэсэг нь бие дааж болон цэрэг, цагдаагийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх эмэгтэй энхийг сахиулагчид, хууль сахиулах болон засан хүмүүжүүлэх алба, цэрэг, цагдаагийн удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх явдал юм.

НҮБ нь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог дэмжих, тэдний ажиллах таатай орчныг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлж байна.

Энэ зорилтыг 2018 онд эхлүүлсэн НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний жендэрийн тэгш байдлыг хангах стратегид тусгасан бөгөөд энэ стратегийн хэрэгжилтийн талаар энэхүү хуралд оролцож буй НҮБ-ын Цэргийн ажиллагааны хэлтсийн офицер дэлгэрэнгүй танилцуулах юм.

НҮБ-ын тогтолцоонд өнгөрсөн жилүүдэд жендэрийн тэгш байдлыг хангахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан.

Өнөөдөр энхийн ажиллагаанд оролцогч эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, НҮБ-ын ажиллагааны тэргүүн, дэд тэргүүний түвшинд жэндэрийн тэгш байдал хэрэгжиж эхлээд байна.

Одоогоор энхийг сахиулах хамгийн том 4 ажиллагааны 2-ыг эмэгтэйчүүд удирдаж байна.

2021 онд Энхийн ажиллагааны Цэргийн зөвлөхийн орлогчийн албан тушаалд түүхэндээ анх удаа эмэгтэй алба хаагч томилогдож, цагдаагийн болон засан хүмүүжүүлэх албадын даргын түвшинд жэндэрийн тэгш байдал бүрэлдсэн.

2021 онд НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний жендэрийн тэгш байдлыг хангах зорилт цэрэг, цагдаа, хууль сахиулах болон засан хүмүүжүүлэх салбарт амжилттай хэрэгжсэн бол цэргийн багийн бүрэлдэхүүний хувьд хангалттай бус байсан.

НҮБ-ын цэрэг, цагдаа хандивлагч болон хууль сахиулах, засан хүмүүжүүлэх албаны бүрэлдэхүүнийг илгээгч улс орнуудтай нягт хамтран ажилласнаар тодорхой ахиц дэвшил гарч байгаа. НҮБ нь энхийг сахиулагчдыг сургах, бэлтгэх, ажиллагаанд оролцуулахад эдгээр улс орнуудад итгэл үзүүлэн ажилладаг.

Гэсэн хэдий ч энхийг сахиулах болон үндэсний аюулгүй байдлыг хангах ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг бүрэн дүүрэн хангахад бэрхшээл тулгарсаар байгааг та бүгд сайн мэдэж байгаа.

Жишээлбэл, НҮБ-ын цэргийн багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн төлөөлөл маш дутмаг байгаа бөгөөд ердөө 5.8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

Эмэгтэйчүүд тэгш оролцоотой байхад ихээхэн саад бэрхшээл тулгарсаар байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийн талаарх хэвшмэл ойлголт хэвээр байгаа тул эрэгтэйчүүд давамгайлан гүйцэтгэдэг, эрсдэлтэй үүргийг эмэгтэйчүүдээр гүйцэтгүүлдэггүй, түүнчлэн өндөр албан тушаалд томилдоггүй зэрэг болно.

Энэ байдал нь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх туршлагатай, чадвартай эмэгтэйчүүдийн нөөцийг бүрдүүлэхэд саад болдог.

Үүнээс гадна, эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхах, ажиллагааны орчинд шаардлага хангасан байр, тоног төхөөрөмж, дүрэмт хувцасаар хангадаггүй зэрэг асуудлууд тулгарсаар байна.

Энэ бүхэн нь НҮБ-ын эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, олон талт байдлын давуу талыг хүртэх боломжийг хязгаарладаг. Энхийг сахиулагчид ямар ч хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байж, тэдний үүрэг гүйцэтгэх таатай нөхцөл бүрдүүлсэн тохиолдолд бид үр дүнд хүрнэ.

НҮБ цэрэг, цагдаа хандивлагч, хууль сахиулах болон засан хүмүүжүүлэх албаны бүрэлдэхүүнийг илгээгч улс орнуудтай хамтран ажиллаж эдгээр сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү хурал бидний цаашдын ахиц дэвшилд чухал хувь нэмэр оруулах болно.

Би та бүхнийг энэхүү боломжийг ашиглан, өөрийн улсын холбогдох байгууллагуудад эмэгтэйчүүдийг элсүүлэх, ажиллуулах, албан тушаал ахиулж, энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахад тулгарч байгаа саад бэрхшээлүүдийн талаар илэн далангүй ярилцаж, сайн туршлагыг хуваалцах, боломжит шийдлүүдийн талаар оюун ухаанаа уралдуулан оролцохыг уриалж байна.

Энхийн ажиллагааны газар нь энхийг сахиулагч эмэгтэйчүүд болон цэрэг, цагдаа хандивлагч улс орнуудыг дэмжих цаашдын арга хэмжээг төлөвлөн боловсруулахдаа та бүхний санал, санаачлагыг тусгах тал дээр анхаарах болно.

Ойрын хугацаанд энэ хуралтай ижил төстэй олон арга хэмжээ тохионо гэдэгт миний бие итгэлтэй байна. Мөн бусад улс орнууд Монгол Улсын санаачлагыг дагаж, энхийг сахиулах үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

2021 онд зохион байгуулагдсан Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч улс орнуудын сайд нарын уулзалтаар эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын талаар амласан амлалтаа биелүүлэхийг бүх оролцогч улс орнуудад уриалж байна.

Жендэрийн эрх тэгш байдал, идэвхитэй оролцоог эрхэм зорилгодоо багтаасан энхийг сахиулах ажиллагааны ирээдүйг хамтдаа бүтээцгээе, Ингэснээр дэлхийн хүмүүст илүү сайнаар үйлчлэх, уян хатан, амар амгалан нийгмийг бий болгох боломжийг бидэнд олгоно.

Та бүхнийг маш үр өгөөжтэй, санал бодлоо хуваалцахыг хүсье. Жендэрийн тэгш байдлыг хангах бидний амлалтад дэмжлэг үзүүлж байгаад талархъя. Мөн энэхүү чухал хурлыг зохион байгуулж буй Монгол Улсад дахин талархалаа илэрхийлье.

Баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.155.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.