Б.Чойжилсүрэн: Сайжруулсан түлшний найрлагад өөрчлөлт оруулж 2023 оны 11 сард ТУРШИНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-03-04

Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалт гуравдугаар сарын 2-3-нд болж байна. Тус чуулга уулзалтын сайд нарын түвшний дугуй ширээний уулзалтаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Агаарын бохирдлын эсрэг хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “2019 оноос Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Энэ гурван жилийн туршлагаас цаашид илүү сайжруулах шаардлага үүссэн. Тиймээс хатуу түлшиндээ хоёр өөрчлөлт хийхээр судалж байна.

Эхний ээлжид сайжруулсан шахмал түлшин дээр хэрэглэж байгаа мидлингийн оронд "Эрдэнэс Тавантолгой" ХХК дээр байгаа эрчим хүчний нүүрсийг баяжуулаад гаргах туршилт хийнэ. Туршилтыг 2023 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод эхлүүлнэ.

Дараа нь 2023 оны арванхоёрдугаар сар, 2024 оны нэгдүгээр сард хагас коксожсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бэлтгэл ажил хийгдээд явж байна.

Энэ хоёр туршилт амжилттай болбол 2024-2025 оны галлагааны улиралд бүрэн шилжилт хийх бололцоо байна. Энэ тохиолдолд Улаанбаатар хотын агаарын чанарын үнэлгээ одоо байгаа хэмжээнээсээ 40 орчим хувиар буурах урьдчилсан хүлээлт байна.

Мөн энэ галлагааны улирал буюу 2023 оны намраас 2024 оны хавар болтол Улаанбаатар хотын 10,800 айлыг шөнийн цахилгаан эрчим хүчээр халаах бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.121.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.