БХЯ/: ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГЭЭР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.БОЛОР ШАЛГАРЧЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-03-07
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд жил бүр болдог 17 дахь удаагийн Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн (IWOC-International Women of Courage Award) шагнал гардуулах ёслолыг гуравдугаар сарын 8-ны Лхагва гарагт 14:00 цагаас зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү 2023 оны “IWOC” шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан “Нийгмийн гэрэлт ирээдүй”-г цогцлоохын төлөө ажиллаж буй 11 онцлог эмэгтэйд олгох аж.
Энэ удаагийн шагнал авах эмэгтэйчүүдийн дунд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Бригадын генерал Г.Болор шалгарсан байна.
Бригадын генерал Г.Болор нь Зэвсэгт хүчинд 30 орчим жил ажиллаж, эх орныхоо төлөө зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд үлгэрлэн манлайлж, олон чиглэлд үүд хаалгыг нээж, Монгол Улсын Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицер, Нью Йорк дахь НҮБ-ын төв штабт ажилласан анхны Монгол офицер, түүнчлэн Монгол Улсын анхны эмэгтэй Генерал цолтон болсон зэрэг Монголын хэд хэдэн анхны амжилтуудад хүрсэн байна.
Тэрээр НҮБ-ын Энхийг сахиулах олон ажиллагаанд оролцож, эх орон, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа амжилттай гүйцэтгэн, энх тайван, шударга ёс, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын эрх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэн байна.
Энэхүү ТНБД-ын нэрэмжит шагналыг анх 2007 онд гардуулж эхэлснээс хойш дэлхийн 80 гаруй орны 180 эмэгтэй тус шагналаар шагнагджээ. Уг шагналыг олгохдоо АНУ-ын хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд өөрийн суугаа орноос нэг “хатан зориг”-т эмэгтэйг нэр дэвшүүлэн, тодоройлдог бөгөөд Төрийн Департамент шалгаруулж, баталдаг ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.45.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.