МЭНДЧИЛГЭЭ
Үйл явдал
/
2021-02-12
Дорнод нутгийн маань зон олон, ахмад настан, азай буурлууд Та бүхэн минь даага далантай, бяруу булчинтай, сүрэг мал онд мэнд, тарган тавтай сайхан оров уу?
 
Учран золгож буй XVII жарны цагаагчин Төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өлзий дэмбэрэл бүрдсэн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье!
 
Азай буурлаа хүндэтгэж, ахуй соёлоо түгээж, аз хийморийг бэлгэдэн угтдаг, Монгол түмний эртний уламжлалт сар шинийн баяр ийнхүү тохиож байна. Улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэл, мандал бадралын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн ахмад үеэ хүндэтгэж, настан буурлуудынхаа амрыг эрэн мэндчилье.
 
Дорнодчууд Та бид бол Монгол Улсын тусгаар тогтнолыг дархалж үлдээсэн, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин, маршал Хорлоогийн Чойбалсан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, аугаа соён гэгээрүүлэгч, авьяаслаг зохион байгуулагч, цогтой эх оронч, Монголын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр, цэргийн жанжин төдийгүй Монгол Улсын гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн, аймшиггүй цогтой халуун эх оронч Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, ШУА-ийн жинхэнэ гишүүн, эрдэмтэн зохиолч, орчуулагч Цэндийн Дамдинсүрэн гээд Монголын түүхэнд давтагдашгүй тод мөрөө тамгалан үлдээсэн сод хүмүүсийн үр хойч билээ.
 
Ариун тунгалагийг, айсуй өдрүүдийн баяр жаргалыг, угтах ирээдүйн сайн сайхныг бэлгэдэж, угтан золгож буй Үхэр жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлэн барья.
 
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Монгол эх орон, Монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.12.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.