Баянгол дүүргийн Засаг дарга Ө.СУМЪЯАБААТАР иргэдийг хүлээн авч уулзлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
7 цаг 45 мин

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар долоо хоног бүрийн пүрэв гарагт дүүргийн иргэд, оршин суугчдыг холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт хүлээн авч уулздаг. Энэ хуваарийн дагуу өнөөдөр (2025.04.24) Ахмад багш нарын холбооны төлөөллүүд, “Ихэр цамхаг” СӨХ-ны дарга болон дүүргийн 2, 4, 7, 11, 12, 16, 18, 20, 27, 31 дүгээр хорооны иргэд, оршин суугчдыг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр оршин суугчид нийтийн эзэмшлийн зам талбайд барьсан хашаа хайсыг буулгах, байрны дундах нарийн замыг засах, СӨХ-гүй байруудыг СӨХ-той болгох, хогийн сав байршуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэрэлтүүлэг сайжруулах зэрэг олон асуудлаар санал хэлж, зарим асуудлаар холбогдох хэлтсийнхэнтэй хамт газар дээр нь очиж ажиллах мөн шийдвэрлэхээр боллоо.  

Тухайлбал, дүүргийн Ахмад багш нарын холбооноос “Залуу багш нарт туслах” хөтөлбөрийг боловсруулж буй бөгөөд дэмжиж ажиллах хүсэлтийг тавьсан. Дүүргийн Засаг дарга саналыг хүлээн авч дээрх хөтөлбөрийг боловсруулсны дараа Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай хамтдаа уулза танилцуулах арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Мөн дүүргийн 7-р хорооны ахмад оршин суугч Д.Буяндэлгэр ирэх тавдугаар сард Тайванд болох хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд оролцохоор болсон бөгөөд бүх бэлтгэл ажлыг хангасан гэсэн юм. Иймд дүүргийн зүгээс дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.   

Түүнчлэн дүүргийн 27-р хорооны оршин суугч Э.Эрдэнжаргал тус хороонд үйл ажиллагаа явуулдаг  зарим аж ахуй нэгжүүд нийтийн эзэмшлийн зам, талбайд хашаа хатгаснаас үүдэн оршин суугчид орж гарахад хүндрэл үүсэж байгаа, мөн сургууль цэцэрлэгийн орчмын авто замуудад хурд сааруулагч, гэрэл цацруулагч суурилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүний дагуу дүүргийн Засаг дарга холбогдох мэргэжилтнүүдийн хамт очиж ажиллахаар боллоо. 

Ташрамд мэдээлэхэд, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хариуцсан мэргэжилтнүүд хүлээн авч, өргөдөл гомдлын нэгдсэн цахим программд бүртгэдэг бөгөөд хариуцсан алба хэлтсүүд хуулийн хугацаанд шийдвэрлэн ажилладаг юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.171.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.