Энэ хүний тухай бичнэ гэдэг амаргүй зүйлийн нэг. Яагаад гэхээр тэр хэзээ ч олны өмнө сэтгэлээ уудлан дэлгэж байсангүй. Уг нь Хууль зүй дотоод хэргийн Дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гээд олны өмнө ил байж болох л дүрийг тэр “бүтээсэн”. Гэтэл тэрбээр хэзээ ч өөрийгөө нээсэнгүй. Түүний тухай бичнэ гэвэл шууд л хуулийн зүгээс тайлбарлаж бичмээр тийм сонин эмэгтэй аж. Тэгээд ч Хууль зүйн Дэд сайдаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцэд ажилласан эмэгтэй тун ховор. Үндсэн хуулийн галыг манаж, үүнийг сахиулж явна гэдэг захын нэг эмэгтэй хийчих ажил биш байх. Тэгвэл миний халгаж ядан буй В.Удвал бол аль аль талд нь ажиллаж, ажиллахдаа жинхэнэ дуу хоолой болж явсан хүн гэдгийг түүний амьдрал ажлын замнал харуулна.
Ажил, мэргэжлийн үед анхан шатнаас эхэлж ажилласан. Аймгийн хуулийн хэлтэст ахлах зөвлөх, хэлтсийн дарга, Хууль зүйн яамны дэргэдэх “Хууль судлал, хөгжлийн төв”-д эрдэм шинжилгээний ажилтан, Удирдлагын академийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдын ажил алба хашиж явсан гэхээр аргагүй л шат шатанд ажилласан нь харагдана. Анхнаасаа хуулийн салбараас хөндийрөөгүй явсаар өдийг хүрлээ. Төр эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүйн чиглэлээр нарийн мэргэшиж, суралцсаар ирсэн. Төрийн тогтолцоо ба түүнд хамаарах асуудлууд бол түүний өөрийн судалгааны сэдэв, суурь мэргэжил. Үнэт цаасны зах зээл, хөрөнгийн зах зээлийг сонирхох болсон шалтгаан гэвэл Дэд сайд байх үедээ энэ чиглэлээр гарч буй хуулиудын Ажлын хэсгийг ахалж байсан гээд түүний салбартаа туулсан он жилүүд хийж бүтээхийн төлөөх цаг хугацаа байв. Улс төрийн хүрээнд В.Удвалыг УИХ-д суух ёстой, жинхэнэ Үндсэн хуулийн манаач, өдгөөгийн парламентын жинхэнэ өргөсийг түүх нэгэн гэдгийг батлан хэлдэг. Гэвч МАН хөрөнгөлөг нэгэнд буюу өөрсдөд нь тал зассан нэгэнд хаалгаа цэлийтэл нээчихээд В.Удвал мэтийн шударга үнэний талд зогсдог хуулийн чиг баримжаатай хүмүүсийг хэзээ ч авч хэлэлцдэггүй нь хачирхалтай. Ямар сайндаа 2012 сонгуульд пропорциональ тогтоолцоогоор сонгууль явуулахад улс төрийн намууд нэрсийн жагсаалт гаргаж байв. Тэгэхэд МАН-аас тухайн үеийн МАН-ын дарга Сү.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын хүмүүс магнайлан нэрээ дэвшүүлж байв даа. Энэ үед В.Удвалыг жагсаалтад эрэмбэ эдлүүлж болох байсан МАН-ынхан тэгсэнгүй. Түүнийг намын жагсаалтын 20-д эрэмбэ эдлүүлэв. Гэтэл түүний өмнө Ц.Гарамжав, Б.Ундармаа, Ж.Батцэцэг, Д.Долгор, Ж.Цолмон нарын хөрөнгөлөг бөгөөд дарга нарын үүд сахисан тал тохой татагчдыг жагсаалтад оруулж байсан нь тухайн үед шүүмжлэл дагуулж байв.
Тэгэхээр би дээр В.Удвал хэмээх эрхмийн тухай бичихэд шууд л хуулийн зүгээс түүний юу хэлснийг тайлбарлаад явчихаар тэр эмэгтэйн дүр тодрох болов уу. Тиймдээ ч тэрбээр юуны өмнө хуулийн тухайд ганцхан байр суурийг хатуу илэрхийлдэг. Тэр юу вэ гэвээс “Үндсэн хууль гэдэг бол тухайн улс орны тулгуур багана нь байдаг” хэмээдэг. Энэ бол түүний үзэл санаа өөрөөс нь хэзээ ч урвахгүй, бас өөрөө хэзээ ч урвахгүй философи юм. В.Удвалын хувьд нийгэм эдийн засгийн шилжилтийн ороо бусгаа үед өмч гэдэг бол улс орны эдийн засгийн үндэс суурь нь. Тэгэхээр Монголын эдийн засгийн үндсэн суурь, үнэт зүйл нь юу юм бэ гэхээр иргэн хүн хувийн өмчтэй байхыг хүлээн зөвшөөрсөн нь 1992 оны Үндсэн хуулийн гол зүйл хэмээн тэрбээр ардчилсан нийгмийн суурь үндэс болох хуулийн талд бат зогсож чадсан байдаг. Тэр ч бүү нийгмийн харилцааг улс төртэй уях, энэ тогтолцоог бий болгохын төлөө хичээн зүтгэсэн ч тэр хэзээ ч “би, би” хэмээн цээжээ дэлдэж байсан удаа үгүй юм. Арга ч үгүй, түүний төгссөн сургууль, суурь үзэл бодол өөрөө ийм. Түүний хувьд Эрхүүд хуулийн боловсрол эзэмшсэн юм.
Түүний хувьд “Би хувьдаа төрийн өндөр дээд албан тушаал тэр дундаа УИХ-ын гишүүн, сайд болъё гэж анхнаасаа яваагүй, тийм бодол байсангүй” хэмээн хэлсэн нь бий. Гэвч тэрбээр салбар яамны Дэд сайдаар ажиллаж, 2012 оны сонгуульд МАН-ын жагсаалтын 20-д эрэмбэ эдэлж байсан гэхээр сонирхоогүй гэж хэлэхэд хэтэрхий өрөөсгөл болж таарна. Гэтэл тэрбээр “Хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд миний сурсан эрдэм хэрэгцээтэй байх гэж боддог. Миний 30-аад жилийн хөдөлмөр бол хууль тогтоох чиглэлд ажиллахад бүрэн боломжтой гэж үздэг. Хуульч хүний хувьд Монгол Улсад сайн хууль батлагдан гараасай, тухайн хуулийн зохицуулалт нь улс орны хөгжил дэвшилд, монгол хүний хөгжил дэвшилд нөлөөтэй байгаасай гэж хүсдэг. Тиймээс өөрийн үзэл бодол, мэргэжлийн ур чадвар, туршлагаа төр улсдаа зориулах юмсан гэж боддог” гэснээс харвал тэр УИХ-ын гишүүн болохыг ч хүссэн байна, сайд болохыг ч хүссэн гэдэг нь харагдана.
Тэр тусмаа “Эмэгтэйчүүд улс төрд хүч сорих ёстой. Тэд Монголын нийгэмд өөрчлөлт авчирч чадна гэж боддог” гэснээс харахад ч туйлын сонирхолтой байсан бөгөөд энэхүү сонирхол дээрээ дөрөөлж энэ талын хууль эрх зүйн орчинд чамгүй сайн ажилласан гэдгийг хойно дурдах болно.
Нам бүлэглэл ч яахав, Үндсэн хуулийн зарчмыг дагах ёстой гэх түүний үзэл бодол намаас баахан хөндий болгодог бөгөөд нам хэмээх бүлэглэлийн дургүйг хүргэдэг ч байх. Ингээд зогсохгүй хувь улстөрчийн өөрийнх нь карьерыг хойш чангаадаг ч тэр өөрийнхөө үзэл бодолд үнэнч зогссон хэвээрээ байна. В.Удвал Хууль зүйн Дэд сайдаар ажиллаж байхдаа "Шүүх шинжилгээний хүрээлэн"-г байгуулалцаж, төрийн албан хаагчдад зориулсан эмнэлэг барьж, Азидаа томоохонд тооцогдох Архивын барилгын ажлыг эхлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн ч аанай л энэ тухай дурдсангүй. Түүний хувьд миний хийх ёстой ажил хэмээн үзсэн.
Дэд сайдаар ажиллаж ахуй цагтаа дэд бүтцийн тал дээр ийнхүү идэвх гарган ажиллаж байсан бол хөрөнгийн зах зээлийг боловсронгуй болгох хууль боловсруулж, эрх зүйн орчинг бий болгох зорилготой, төрийн тогтолцоог сайжруулах үүднээс нэмэлт өөрчлөлт хийх хэд хэдэн хууль хэрэгтэйг олж харсан. Үүнийгээ ч УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан байдаг. Ийнхүү амьдралынхаа 30 гаруй жилийг эрх зүйч хэмээх амаргүй мэргэжилд зориулсан тэрбээр Увс аймгийн хуулийн хэлтэст ахлах зөвлөхөөс ажлынхаа гарааг эхлүүлж Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд хүртэлх албан тушаалд дэвшин ажиллахдаа Монгол Улсын хууль эрх зүй орчин, төр нийгмийн тогтвортой байдлын төлөө оновчтой бодлого боловсруулж явсан цөөн бүсгүйчүүдийн нэг юм. Тухайлбал, өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 20 орчим хууль түүнийг гараар орсон түүхтэй. Үндсэн хуулийн цэцийн гишүүн байхдаа Өнөөгийн засаглалын хямралын нэгэн гол шалтгаан болсон “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно” заалтыг хоёр ч хуулинаас хасуулж байсан ч нам дамжсан олигархиуд түүнийг хамтын хүчээр зогсоож байв.
Монгол Улс шинэ цагийн Үндсэн хуулиа баталж, ардчилсан улс гэдгээ олон улсын тавцанд жинхэнэ утгаар нь тунхагласан явдал бол 1992 он онд болсон. Энэ үед В.Удвал шинэ Үндсэн хууль батлах Ажлын хэсэгт нь багтаж, дараа нь Удирдлагын академид багшилж ахуйдаа “Үндсэн хуулийн эрх зүй” гэдэг хичээлийг дээд боловсролын хөтөлбөрт оруулсан гавьяаг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Хуулийн мэргэжилтнүүд түүнийг Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн цөөхөн хуульчдын нэг гэж үздэг. Шударга ёс, ил тод байдлыг дэмждэг тэрээр “хуулийг хэрэгжүүлж ажилладаг чадвар, дадалд төрийн албан хаагчид суралцах ёстой” гэж үздэг нэгэн. Дээр дурдсанчлан парламент дахь эмэгтэйчүүдийн квот нь түүний бас л нэг санаа тавьдаг, бодитоор хэрэгжүүлэхийг зорьж байгаа ажил байсан бол өдгөө улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоо чамгүй өндөр болсоныг яах аргагүй түүнтэй холбохоос өөр аргагүй. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөө олон жил ажиллахдаа дэлхийн 30 орчим орноор явж энэ чиглэлийн арга хэмжээнүүдэд оролцсон гээд дурдаад байвал энэ тал дээр яах аргагүй “Загалмайлсан эх” мөн билээ. Энэ үедээ тэр “Би зарим эрэгтэй улс төрчдийн адил ширээний хоёр талд суугаад шил юм тойруулаад бусдын асуудлыг шийддэггүй” гэж нэгэнтээ хэлсэн нь эгдүүцэл төрүүлж байсан ч өнөөгийн эрх баригчдын үнэн нүүр царай хэмээн хэвлэлүүд тухайн үед онцолж байв. Энэ ч утгаараа “Жендерийн тэгш эрхийн тухай” хууль боловсруулахад магнайлан оролцсон хүн. Түүний олны дунд ярьдаг, эрх зүйн зохицуулалтад оруулахыг хүсдэг нэг сэдэв нь “Өндөр түвшний авлигатай тэмцэх” асуудал юм. Төвөгтэй энэ сэдвийг улс төрчид, судлаачдын анхаарлын төвд оруулж, төрийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг бий болгохын төлөө иргэний нийгмийн байгууллагын дуу хоолой болсоор байна.
Түүний хувьд жендерийн тэгш байдал, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо, улс төрийн зөв зохистой орчин, нийгмийн харилцаанд хууль эрх зүйн шинэчлэл хийхийг зорьсоор ирсэн, зорьсоор ч явна. Түүний зорилго ч биелэлээ олсоор байгааг өнөөдрийн улс төрд байгаа эмэгтэйчүүдийн оролцооноос харж болно. Ийм үг байдаг л даа. Өөрөө ч нэгэнтээ хэлж байсан санагдана. Эмэгтэйчүүд эрх мэдэлгүй улс хөгждөггүй, эрэгтэйчүүд ноёрхсон засаг нийгмийн сайн сайхны төлөө бодлого хэрэгжүүлэх бус эрх мэдэл, өмчтэй болох уралдаан явагддаг гэж. Сүүлийн гучаад жилийн улс төрийн ноён нурууг харвал дээрх дүр зураг утгаараа харагдаж байгааг уншигч та ч харж байгаа байх.
Харин энгийн жишээн дээр аваад үзэхэд, ар гэрийн амьдралыг авч явдаг гэдэг утгаараа эмэгтэй хүн хэнд юуг хэрэгтэйг мэдэрч хуваарилалтыг маш сайн хийдэг. Өөрөөр хэлбэл төсөв батлахад хамгийн тохиромжтой гэсэн үг. Тиймээс хөгжингүй орнуудад парламентын гишүүдийн ядаж 40 хувь нь эмэгтэй байснаар тухайн нийгэмд тэнцвэр тогтож зөвөөр амьсгалдаг гэж үздэг юм билээ. Олон улсын жишгаас харвал парламентад эмэгтэй гишүүн олон байгаа орнуудад авилга буурсан, шударга ёсны индикаторууд сайжирдаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн нь бий. Тэр тусмаа В.Удвал шиг эмэгтэйчүүд улстөрд олон байх нь сайн сан гэх мундгуудын үг бишгүй сонсож явсан байна. Түүнээс хэнд ч хэрэггүй нам бүлэглдэл дагасан лоббид орсон зарим нэг эмэгтэйчүүд шиг нь хэрэггүй л дээ. Харин тэр хэрвээ улс төрд, парламентад байх юм бол хууль бус лоббиноос ангид хууль батлалцаж чадах нэгэн. Тийм ч учраас “үгэндээ ордоггүй” гишүүнээ ах намынхан ад шоо үзэж сэмхэн зайгаа барьдгийг ч нуух хэрэггүй. Монголын төрд мэргэжлийн, тэр дундаа Үндсэн хуулиар дагнасан хуульч хүн үгүйлэгдэж байгаа өнөө үед энэ хүний амьдралдаа судалж мэдсэн зүйл, эрх зүйн нөр их туршлагыг ашиглахгүй байж болохгүй мэт санагдах үе байдгийг ч нуух юун.
Тэрбээр улстрөд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө урт хугацаанд ажиллаж, үүнийгээ ажил болгсоны дараа нэгэн ярилцлага өгсөн байдаг. Ингэхдээ “Ер нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сонгуулийн хуулинд нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх квотыг оруулж чадсан. Гэхдээ намын жагсаалтанд эмэгтэйчүүдийг хэрхэн оруулах вэ гэдгээс шалтгаалж, өнгөрсөн сонгуулиар АН хэд хэдэн эмэгтэйчүүдийг жагсаалтад урагш нь оруулсан учир эмэгтэйчүүд их хуралд гарч чадсан. МАХН бас тэгсэн. Монгол Ардын нам жагсаалтыг нөхөж нэг л эмэгтэйг оруулж ирсэн. Гэхдээ л цаашид намууд үүн дээр бодлого барих ёстой. Яагаад гэхээр 20 хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлээгүй бол бүртгэдэггүй, 20 хувьд нь хүргээд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүллээ гэхэд тэднийг жагсаалтын хэдэд жагсаах вэ гэдэг хамгийн чухал. Энэ бол намын бодлогын асуудал. Жагсаалтыг гаргахдаа тодорхой хувийг эмэгтэйчүүдэд өгч, нэрийг нь зоохдоо хоёрт нэг байх уу гуравт нэгүү аль эсвэл нэг нэгээр гэх байдлаар зохицуулж болох талтай. Зарчмыг сайн тохирч сонгуульд оролцох шаардлагатай” хэмээсэн нь бий.
Аливаа улс орны Үндсэн хууль, тэр тусмаа Сонгуулийн тухай хууль зөв байж тэр улс орон урагшаа зөв явна хэмээх суурь үзэл дэлхий дахинаа бий. Үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн цор ганцхан эмэгтэй бол В:Удвал. Тэрбээр Сонгуулийн тухай хуулинд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Үүнд нэгдүгээрт сонгуулийн төсөв, түүнчлэн намуудын төсөв ил тод байх нь зарчмын асуудал учраас хамгийн ойрын хугацаанд эдгээр асуудлыг шинэчлэх ёстой. Одоо нийгэмд гарааны тэгш бус байдлаас болоод сонгуульд мөнгөний уралдаан их явж байна. Нэг хэсэг нь мөнгөтэй хүмүүс, нөгөө хэсгийн мөнгө нь бага ч бусдыг төлөөлж ажиллах чадвартай хэсэг бий. Угтаа бол хуулийн үндсэн зарчим нь тухайн нэр дэвшигч бусдыг төлөөлөн ажиллах чадвартай байгаа бол заавал их мөнгөтэй байх шаардлагагүй. Гэтэл сонгуулийн үеэр мөнгөтэй байх нь нэг том шалгуур болчихоод байгаа нь үнэхээр өрөөсгөл. Энэ хүрээнд дараагийн хийх зүйл нь улс төрийн намуудын санхүүжилтийг тодорхой болгох. Тэгж байж нийгэмд шударга байдлыг бий болгоно. Өнөөдөр шударга биш учраас ерөөсөө л мөнгөтэй хүн л сонгуульд оролцдог, мөнгөтэй хүн л шийдвэр гаргах түвшинд хүрдэг гэсэн буруу ойлголт жишиг хүмүүсийн дунд хүчтэй оршиж байна. Үүнийг өөрчлөхийн тулд эхлээд сонгуулийн хуулинд шинэчлэл хийе. Дараа нь төлөөллийн зарчмыг маш сайн барих ёстой. Өөрөөр хэлбэл манай үндсэн хууль бусад хуулиудын зарчимд төлөөллийн зарчим ард иргэдээс эхтэй байдаг. Төлөөлөх чадварыг нь өндөр болгох шаардлагатай. Төлөөллийг хоёр янзаар авч үздэг. Нэг нь намаас нэрсийн жагсаалтаар гарах, нөгөө нь тойрогт өрсөлдөөд сонгогдож тойргийнхоо иргэдийг төлөөлөх явдал. Тэгэхээр төлөөллийг зөв болгох шаардлагатай. Миний хувьд тухайн нэр дэвшигч тойрогтоо очиж өрсөлдөөд гарч ирэх нь хамгийн чухал гэсэн зарчмыг баримталдаг гэдгийг тэр удаа дараа хэлж байв.
Манай ихэс дээдэс, учир мэдэх хүмүүсийн ярьж байхыг олонтаа сонссон байна. Тэд “Төрийн зөв тогтолцоог хүсч байгаа бол Үндсэн хуульдаа анхаарал хандуулах ёстой. Тэгээд зөв тогтолцоотой явна гэвэл В.Удвал шиг хүмүүстэй байх хэрэгтэй” хэмээх үгийг хэлж байсан. Манайхан төрийн тогтолцоо буруу байна гэж ярьдаг. Үнэхээр тогтолцоондоо асуудал байгаа бол засчих хэрэгтэй.Тогтолцооноос бурууг хайхын өмнө нэгэнт батлагдсан, дагаж мөрдөх ёстой хуулиа биелүүлж байна уу, үгүй юу гэдэгтээ анхаарал хандуулах нь зүйтэй санагддаг. Өнөөдөр Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг чанд баримтлан ажиллаж буй төрийн албан хаагчид ховор байна. Хуулиа биелүүлэхийн оронд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж өөрчлөх хандлага их давамгайлж байна. Хуулийн дагуу тодорхой шалгууруудад тэнцсэн хүнийг төрийн албан хаагчаар томилдоггүйгээс өнөөгийн төрийн албаны тогтолцоо буруу юм шиг ойлгогдоод байгааг хаа хаанаа ойлгож байгаа байх.
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин