СХД: 122-р сургуулийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
Үйл явдал
/
2021-10-09
Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны 122-р сургуулийн өргөтгөлийн шинэ барилга 2021 оны хичээлийн жилд ашиглалтад орсон. Энэхүү өргөтгөлийг албан ёсоор хүлээж авах арга хэмжээ өнөөдөр /2021.10.08/ боллоо.
Арга хэмжээнд Нийслэл, дүүргийн боловсролын салбар хариуцсан албан тушаалтнууд болон тус сургуулийн удирдлага, төслийг хэрэгжүүлэгч Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, барилга угсралтыг гүйцэтгэсэн “Цамхаг констракшн” ХХК-ийн төлөөлөл, хамран сурах тойргийн Засаг дарга нар оролцов. Мөн тус хорооны иргэд хүрэлцэн ирлээ.
Энэ үеэр боловсролын салбарын төлөөллүүд болон төслийг хэрэгжүүлэгч Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч нар төсөл амжилттай хэрэгжиж, шинэ өргөтгөл ашиглалтад орсноор сургуулийн орчин нөхцөл, сурагчдын боловсролын чанар, хүртээмж хэрхэн сайжрах талаар үг хэлэв.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэсэн шинэ өргөтгөл нь 640 хүүхдийн суудалтай ба спорт болон урлаг заалыг хамгийн сүүлийн үеийн барилга угсралтын шийдлээр гүйцэтгэсэн. Мөн тус сургууль нь 2019-2020 онд гурван ээлжээр нэмэлт түрээсийн байранд хичээллэж байсан. Учир нь тус сургуулийн хамран сургах тойрогт 33-р хорооноос гадна 22,32 дугаар хорооны сургуулийн насны хүүхдүүд багтдаг юм. Харин одоо өргөтгөлийн шинэ байр ашиглалтад орсноор сурагчид хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдлээ.
 
Мөн шинэ өргөтгөлийг түшиглэн “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхэд бүрийн мэдлэг, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхэд хөгжлийн инкубатор төв”-ийг шинээр байгуулсан билээ.
 
Нээлтийн арга хэмжээний үеэр тус сургуулийн захирал А.Цэцэгсүрэн шинэ өргөтгөл буюу Эко сургуулийг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлсэн БШУЯ, Азийн хөгжлийн банкны төслийн багийнхан, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөл болсон Улсын Их хурлын гишүүд, Нийслэл, дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, 33-р хорооны Засаг дарга, “Цамхаг констракшн” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.174.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.