Сэлэнгэ аймгийн “БРЭНД ҮЙЛДВЭРЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД”-ийн анхдугаар чуулганыг зохион байгуулав
Г.Золбаяр
Үйл явдал
/
2020-05-03
Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн тэргүүн Дамдинсүрэнгийн Өнөрболорын санаачилгаар өрхийн аж ахуй болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүд “Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулган”-ыг Төрийн ордонд 2019 оны 11-р сарын 30-ны өдөр зохион байгуулж, бизнес хөгжлийн гарц, шийдлийг хэлэлцсэн юм. Өрхийн үйлдвэрлэлийг жижиг, дунд үйлдвэрлэл болгон хөгжүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэр, тоног төхөөрөмж, технологи үгүйлэгдэж байгааг чуулганы оролцогчид онцолж байлаа. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл-борлуулалт-түгээлтийн дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ болох худалдааны дижитал системийг ашиглах, Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүнийг хамтын хүчээр бий болгох асуудалд эмэгтэйчүүд санал нэгдэж, уриалга гаргасан юм.

Сэлэнгэ аймгийн сум бүрийн төлөөлөл болж, жижиг, дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэгч, хоршоологч 800 гаруй эмэгтэй оролцсон уг чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, аймаг, орон нутгийн удирдлагууд гээд бодлого тодорхойлогчдоос гадна гадаадын болон дотоодын бизнесийн түнш байгууллагууд,  технологийн компанийн удирдлагууд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх чуулганы төлөөлөгч, баялаг бүтээгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хандаж илгээлт хүргүүлсэн юм. Тэрбээр илгээлтдээ “Та бүхэн төр засгаас аливааг нэхэж бэлэнчлээгүй, харин ч төр засаг, ард иргэддээ  нэмэр тусаа өгсөөр байна. Өөрсдийнхөө төлөө төдийгүй бусдын төлөө хөдөлмөрлөж, баялгийг бүтээж, хуваарилж, арвижуулж байна” хэмээн онцлон тэмдэглэв.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.154.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.