С.Амарсайхан: Нам даралтын зуухны тоог бууруулна
Үйл явдал
/
2020-05-20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд “Ковид-19” цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа  болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өглөө.

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг  хотын Захирагч өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шат дараатай хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар  12,750 аж ахуйн нэгжид  ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн модон жорлон, бохирын цооногын  халдваргүйжүүлэлт үргэлжилж байна. Халдварт өвчнийг тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийг сэргээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байгаа гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ үеэр хэллээ.

Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлагууд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 01-нээс эхлэн нам даралтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглох аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 5000 гаруй нам даралтын зуух байдаг бөгөөд ирэх аравдугаар сараас өмнө цахилгаан дулаанд холбогдож, хийнд шилжих чиглэлийг хотын Захирагч өгчээ. Тус үүргийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хангаж байна. Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хотын Захирагч захирамж гаргаж урт болон богино хугацаанд хийгдэх ажлуудыг төлөвлөжээ.хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Улаанбаатар хотод хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний савханцар өвчнөөс жилд 6000 гаруй иргэн өвчилж 400 гаруй хүүхэд энддэг судалгаа байна. Тиймээс агаар хөрсний бохирдлыг бууруулах эрчимжүүлсэн ажлууд хийгдэнэ. Нэн түрүүнд иргэдийг орон сууцжуулах төсөлд хамруулах, дэд төвүүдийг байгуулж, эрчим хүчний сервис цэнтрийг байгуулах ажлыг үргэлжлүүлнэ” гэсэн юм. Түүнчлэн хөрсний бохирдлыг бууруулахын тулд био бактерыг туршиж эхэлсэн талаараа мөн дуулгалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.72.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.