Морингийн даваанд залууст зориулсан хороолол сүндэрлэнэ
Үйл явдал
/
2020-08-02

Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваа орчимд залуу гэр бүлд зориулсан хорооллыг сүндэрлүүлэхээр шав тавих ёслол боллоо. Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгагдсанаар Улаанбаатар хотыг тойрсон таван байршилд шинэ суурьшлын бүсийг байгуулах юм байна. Үүний нэг нь дээрх хороолол.

Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажил нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж буй давуу талтай. Тодруулбал, Морингийн давааны шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөгөөр 129 га талбайд 5000-10000 өрхийн орон сууц, 4260 хүүхдийн багтаамжтай сургууль, 2130 хүүхдийн цэцэрлэг, 450 ортой эмнэлэг, 8000 ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөснөөс эхний ээлжинд 43,3 га газарт 235 айлын таунхаус 1700 өрхийн залуусын хороолол, 640 хүүхдийн суудалтай 2 сургууль, 2 өрхийн эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна.

Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Мөнхжаргал, НИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Морингийн давааны дулаан хангамжийн бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Мон илч” ХХК, “Рино Инженеринг” ХХК-ий түншлэл хамтран гүйцэтгэх бол Азийн хөгжлийн банкны таван сая ам.долларын санхүүжилтээр цэвэр бохир усан хангамж, цахилгаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.