Б.Батзоригийг гэм буруутайд тооцож таван жил ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргалаа
Үйл явдал
/
2020-08-05

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.

Шүүхийн шатанд яллагдагч Б.Батзориг гэм буруугаа хүлээж, прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан билээ.

Харин шүүхээс уг саналыг хүлээж аваагүй бөгөөд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн, өнгөрсөн дөрөвдүгээр сард Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг товлоод байсан ч шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаатай гэж үзэн, хэргийг прокурорт шилжүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2020.08.04/ УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд таван жил ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 13 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийв.

Яллагдагч Б.Батзориг болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокурорын гаргасан хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар саналыг хүлээн зөвшөөрснийг шүүхээс хүлээн авч, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.