Жастын Ш.Батхүүгийн шүүх хурал өнөөдөр болно
Үйл явдал
/
2020-08-05

“Жаст” группийн Ерөнхийлөгч Ш.Батхүүгийн тавьсан зээлийн өрөнд “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны мэдэлд өгөх үү, эсвэл Монголын Засгийн газар төлж барагдуулах уу гэсэн хэцүүхэн сонголт монголчуудад тулж ирээд байна. Монголын Засгийн газар Арбитрын хоёр шатны шүүхэд ялагдсан болохоор дээрх хоёр сонголтоос сонгохоос өөр арга замгүй болоод байгаа юм. Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар баталгаа гаргаж, гарын үсэг зурсан. Тэдний гарын үсэг мөн гэх дүгнэлтийг Олон улсын нэр хүнд бүхий шинжээчид гаргасан гэдэг.

Шинжээчид Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нарын зээл авахад баталгаа гаргаж өгсөн гарын үсэгтэй тамга тэмдэг хуурамч биш гэдгийг маш олон баримтаар нотолж байгааг эх сурвалжууд онцолж буй. Тодруулбал, Олон улсын Арбитрын хоёр шатны шүүх бүрэлдэхүүн ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас 110 сая ам. долларын зээл авахдаа бүрдүүлсэн материалд ямар нэгэн хуурамч бичиг баримт, бусдын гарын үсгийг дууриалган зурсан зүйл алга байна. Монголын Засгийн газрын нэр бүхий албан тушаалтнууд зээл авахад баталгаа гаргаж өгсөн нь нотлогдож байна” гэх дүгнэлтэд хүрч, “Стандарт” банкны талд шүүхийн шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалж хэлж байна.

Жаст групп хөрөнгөө бусдад шилжүүлэх байдлаар гадны Стандарт банканд төлбөр төлөхөөс зайлсхийсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын хууль тогтоомжийн хүрээнд тийм байдлаар уснаас хуурай гарна гэдэг бүтэхгүй асуудал. Олны зүгээс манай хуулийн байгууллага сайн ажиллаж, хууль бусаар хөрөнгөө шилжүүлсэн асуудал байвал тогтоож, улсыг хохиролгүй болгоно гэж найдаж харж байгаа.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн нь ийнхүү үргэлжилж байна. 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.85.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.