Амралт зугаалга ч яамай гэхэд аюулт тахлаас хамгаалж амны хаалтаа л зүүмээр байх юм
Үйл явдал
/
2020-08-07

Дэлхий даяар аюулт цар тахлын тархалт дэгдсэнээс хойш 18 сая гаруй хүн өвчилж, бараг нэг сая орчим хүн нас бараад байгаа. Монгол Улсын хувьд цар тахлын тархалтыг дотооддоо алдаагүй ганц орон гэж ДЭМБ-аас сайшаасан ч аюул алс холд биш чухамдаа ард иргэдийн дунд амь бөхтэй оршсоор байна. ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өглөө бүхэн хийж буй мэдээллийн цагаараа дамжуулан “Амны хаалтаа зүүе, гараа сайтар савандан угаая, хүн олонтой газар бүү оч” гэсэн аюулгүй байдлын үндсэн гурван зөвлөгөөг өгсөөр байгаа ч үүнийг тоодог хүн манай улсын хот, хөдөө хаана ч байхаа больсон нь нууц биш. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн буюу 2020 оны наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 293 хүн COVID19-өөр өвчилж, 260 нь эдгээд байгаа мэдээлэлтэй байна.

Зуны долоо, наймдугаар сар бол монголчуудын хувьд амралт, зугаалгын оргил үе байдаг. Энэ жил өвчин зовлонтой, хил боомтууд хаалттай болохоор дотоодын аялал жуулчлал овоо хөл хөсөөнтэй байгаа. Агаар, салхинд гараад, идээ цагаагаар хөрвөжөөд, дархлаагаа сэргээх нь хэн хүнд тустай ч манайхны хэнэггүй зан арай ч бас хэтэрч буйг хөдөө гадаа явсан улс халаглан өгүүлж байна. Боловсон жорлонгийн асуудал толгойны өвчин хэвээр учир замын дагуу зогсож морь харах бол энүүхэнд. Гэтэл, энэ аюулт цар тахал шүлс, хүний биеийн өтгөн, шингэн мөрөөр хүртэл дамжиж халдварладаг гэдгийг анагаахын эрдэмтэд нотлоод байгаа. COVID-оос гадна тарваган тахал хэмээх амьсгал, агаар дуслын замаар халдварладаг аюулт тахал бий. Хөдөө гадаа явсан нөхөд “хулгар шар”-ын маханд дурласнаас Ховд, Говь-Алтай аймагт тарваган тахлын халдвар гарч, эрдэнэт хүний амь нас эндсэн ч асуудал дэгдлээ. Тийн байсаар атал хөдөөнөөс тарваганы боодог, хорхгийг нийслэл хотод оруулж ирэх оролдлогууд гарсаар байгааг хууль, шалгалтын байгууллагынхан анхааруулсаар байна.

“Нарантуул”, “Дүнжингарав”, “Тэнгэр плаза”, баруун зүүн “Драгон” зэрэг хүн олон хөлхсөн томоохон худалдааны төвөөр үйлчлүүлэгсэд хүн хоорондын зай барих нь байтугай амны хаалтгүй тааваараа явж буй нь аюулын харанга дэлдэх хэмжээнд л байна. Тэр ч бүү хэл орой үдшийн цагаар ажиллах зөвшөөрөлтэй баар цэнгээний газруудад маасктай орсон хүнийг нүд үзүүрлэж “COVID гуай эндээс зайл” гэх согтуу хөлчүү залуус ч таарч буй нь “Бурхангүй газрын бумба галзуурахын үлгэр” болж, хуульгүй журамгүй орны хуудуу цадиг тодорч эхэлж буйн гор гэлтэй. Амралт зугаалга, аливаа зугаа цэнгүүн ихэдвэл алсдаа зовлон дагуулах ч магадлал маш өндөр байгаа. Гадаадын баян өндөр хөгжилтэй улс гүрнүүд цар тахлын аюулд нэрвэгдэн, эдийн засаг нь элгээрээ мөлхөөд байхад манайх шиг хөгжингүй буурай оронд нэг алдвал ч хуурай өвсөнд тавьсан хаврын түймэр шиг л ханаруулаад хамруулаад явчих байх даа. Үүнийг л хаа хаанаа бодох юм сан даа...

 

МЗЭ-ийн нэрэмжит шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.11.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.