ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН ТОВЧ ТҮҮХ БА Ж.ЧИНБҮРЭН
УИХ-ын гишүүн М.Билэгтийн 100 хувь эзэмшдэг “Ачлал трейд” компани ХСҮТ-ийн дэргэд 11 мянган метр квадрат талбай бүхий өдөрт 500, жилд 150 мянган иргэнийг амбулаториор хүлээн авч, оношилгоо, эмчилгээ хийх хүчин чадалтай эмнэлгийн барилга барьсан.
Уг эмнэлгийн барилга бүр 2010 онд эхэлсэн бөгөөд анхлан гадны өндөр хөгжилтэй орны эмнэлгийн тусламж үйлчилгээг хямд өртгөөр Монголд нутагшуулах зорилготойгоор төслөө эхлүүлсэн байдаг. Барилгыг “Ачлал трейд” компанийн санхүүгийн эх үүсвэрээр эхлүүлж, арилжааны банк, Хөгжлийн банкны зээл авч, нийт 20 гаруй сая ам.долларын өртгөөр баригджээ.
Асар өндөр өртгөөр баригдсан уг эмнэлгийн барилгыг ХСҮТ түрээслэн ашиглах асуудал УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж, түрээсийн гэрээ байгуулах хүртэл үнэгүй ашиглах гэрээг байгуулсан байдаг. Гэвч уг асуудлаар идэвхтэй ажиллаж байсан Н.Чинбүрэн эмч Гавьяат цол хүртсэнийхээ дараа гэнэт нэг өдөр ажлаа өгөөд алга болсон билээ. Улмаар түүний ажлыг авсан Х.Эрдэнэхүү эмнэлгийн барилгыг түрээслэхээс татгалзсан юм.
Нөгөө талд УИХ-ын гишүүн М.Билэгтийг “Төрд шахаа хийхээр улайрч байна” гэх шүүмжлэл хөвөрч буй. Гол нь, хавдрын өвчлөлтэй иргэдийнхээ төлөө нэгэн насныхаа амьдралыг зориулж, ХСҮТ-ийг удирдах хугацаандаа сайн менежер гэдгээ ч харуулж дөнгөсөн Ж.Чинбүрэн эмч яагаад гэнэт эмнэлгийн барилгаа өргөтгөх асуудлаас бултав. Тодорхой улстөрийн болон ашиг сонирхлын нөлөөлөл байв уу гэх хардлага үүссэн.
БАРИМТ: 1
–Ж.ЧИНБҮРЭН ЭМЧ ГАДНААС МЕНЕЖМЕНТИЙН БАГ ЗУУЧЛАХ НЭРЭЭР САРЫН 10 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТҮҮХ
Өмнөх онуудын түүх сөхөхөд ч тэр, Н.Чинбүрэн эмч “Ачлал трейд” компанийн 10 шахам жил дамнан баригдсан эмнэлгийн төсөлд гар бие оролцсон түүх баримтаар нотлогддог. Тодруулбал, 2014 онд Ж.Чинбүрэн эмч “Каб Мед” ХХК-иараа дамжуулан, эмнэлгийн менежментийн багийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж байжээ. Нэг жилийн хугацаатай уг гэрээг сар бүр 10 мянган ам.доллар төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан түүхтэй аж.
Гэрээний дагуу Ж.Чинбүрэн эмч гаднаас менежментийн баг оруулж ирэх, шаардлагатай тоног сонгох, байршуулахад туслалцаа үзүүлэх зэрэг үүрэг хүлээсэн байна. Бүдүүлгээр хэлэхэд, Ж.Чинбүрэн эмч М.Билэгтийн эмнэлгийн барилгыг зах зээлийн эргэлтэд оруулж өгөхөөр амлаж, сар бүр 10 мянган ам.доллар авахаар гэрээ байгуулсан гэсэн үг. Мөнхүү менежментийн баг ажлаа амжилттай биелүүлбэл 370 мянган ам.доллар авахаар гэрээ хийж байсан нь анхаарал татав.
Тэд гэрээгээ албажуулсны дараа “Ачлал трейд” ХХК-иас Ж.Чинбүрэн эмч рүү нийт 80.000 ам.доллар шилжүүлж байжээ. Гэвч эмнэлгийн барилгын төсөл шүүхийн маргаанд орж, менежментийн багийн зүгээс ч тодорхой шийдэл олоогүй тул гэрээг зогсоож байжээ.
Бид уг асуудлаар хоёр талаас дараах тодруулгыг авлаа.
Ж.ЧИНБҮРЭН: ГАДНААС МӨНГӨ ОРУУЛЖ ИРМЭЭР БАЙНА ГЭЭД НАДАД ХАНДСАН
-
-Таны 2014 онд “Ачлал трейд” ХХК-тай байгуулсан сарын 10 мянган ам.долларын ажлын хөлс бүхий гэрээний үндсэн зорилт юу байсан бэ?
-Гаднаас менежментийн баг авчирч, гадны хөрөнгө оруулалттай эмнэлэг болгох чиглэлд зөвлөх үйлчилгээ авах хүсэлт надад 2014 онд “Ачлал трейд” ХХК-ийн зүгээс тавьж, гэрээ байгуулсан. Японы компанитай ажиллаж байсан, тэр хэлэлцээрийг нь үргэлжлүүлэх үүрэг хүлээсэн гэсэн үг. Гэвч шүүх дээр асуудал үүсэж, ажил нь яваагүй гацсан юм. Гэрээний хугацаанд бид хөрөнгө оруулагчийг татах чиглэлд үнэлгээ хийлгэж, дөрвөн хувилбараар аргачлал гаргаж өгсөн.
–Бүдүүлгээр ойлгоход та гэрээгээр түрээслэгч олж өгөх үүрэг хүлээсэн гэсэн үг үү?
-Үгүй. Хөрөнгө оруулагч татах, менежментийн баг оруулж ирэх үүрэг хүлээсэн. Түрээслэн ашиглах нь эдийн засгийн эргэлтэд оруулах нэг хувилбар нь л юм. Гол нь “Ачлал трейд” ХХК-иас “Гаднаас мөнгө оруулж ирмээр байна. Санхүү хэцүү байна” гээд л надад хандаж байсан.
-“Каб Мед” ХХК одоо таны нэр дээр байгаа юу?
-Байгаа. Х тайлантай явдаг юм.
–Та “Ачлал трейд” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн гэж үздэг үү?
– Гэрээний үүргээ биелүүлээгүй бол шүүхэд хандах байсан байх. Гэрээ нэг жил ч үргэлжлээгүй. Эмнэлгийн барилга нь шүүх дээр маргаан үүсгэсэн учраас гэрээг зогсоож, Япончууд бас хөрөнгө оруулахаасаа татгалзсан юм. Гэрээний хүрээнд “Ачлал трейд” ХХК-иас яг хэдий хэмжээний төлбөр авснаа нарийн санахгүй байна.
М.БИЛЭГТ: ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ ОГТ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ Ч БИ 80 МЯНГАН АМ.ДОЛЛАР ӨГСӨН
– Танай “Ачлал трейд” ХХК 2014 онд Ж.Чинбүрэн эмчтэй сарын 10 мянган ам.долларын ажлын хөлс бүхий гэрээ байгуулжээ. Гэрээний үндсэн зорилт яг юу байсан бэ?
-Ж.Чинбүрэнг сайн эмч гэдэгтэй нь хэн ч маргахгүй. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, гадны орнууд урьж мэс засал хийлгэдэг. Ингэж л олон нийт ойлгодог. Олон улсын эрүүл мэндийн салбарт хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн байгууллагууд Ж.Чинбүрэнг өндрөөр үнэлдэг, харилцан холбоотой ажилладаг. Тэд хавдрын чиглэлд Монголын зах зээлийг сонирхвол Ж.Чинбүрэн эмчтэй л холбогддог гэж бид ойлгодог. Ж.Чинбүрэн эмч ч “Гадныхан манайхыг сонирхдог” гэж ярьдаг байсан. Бид түүнд итгэж, гадны орноос менежментийн баг татах, тоног төхөөрөмж оруулж ирэх чиглэлд зуучлах менежментийн гэрээ байгуулсан юм. Ж.Чинбүрэн “Манай баг гаднаас баг оруулаад ирж чадна аа” гээд гэрээ байгуулсан.
-Гэрээний үндсэн зорилт биелсэн үү?
-Гэрээ байгуулаад найман сар орчим болсон ч үр дүн гараагүй. Үр дүн гарахгүй байсан учраас бид 2015 оны зургадугаар сард “Каб Мед” ХХК-д мэдэгдэл өгч, сар бүр 10 мянган ам.доллар төлөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
-Та яг хэдэн мянган ам.доллар Ж.Чинбүрэн эмч рүү шилжүүлсэн бэ?
-80 мянга орчим ам.доллар өгсөн баримт нь байгаа. Ж.Чинбүрэн эмч гэрээний үүргээ биелүүлсэн бол 370 мянган ам.доллар нэмж авахаар гэрээлсэн байсан. Би гэрээ хэрэгжээгүй гэж гомдоллож бодоо ч үгүй өнгөрсөн.
БАРИМТ:2
–Ж.ЧИНБҮРЭН ЭМЧ ДҮҮГИЙНХЭЭ КОМПАНИЙГ ГУЙЖ, 1.2 ТЭРБУМЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГЭХ БАРИМТ
Бас нэг анхаарал татсан зүйл нь, 2018 онд Ж.Чинбүрэн эмч өөрийн төрсөн дүү Ж.Чинтулгын “Нэкст Натур” ХХК-ийг уг эмнэлгийн барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгүүлэхээр 1 тэрбум 270 сая төгрөгийн гэрээ байгуулахад зуучилсан гэх явдал. Тэд хамтран ажиллах гэрээ байгуулж, 254 сая төгрөгийн шилжүүлэг хийгдсэн ч ажлын гүйцэтгэл явагдаагүй гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор “Ачлал трейд” ХХК-ийн зүгээс Ж.Чинбүрэн эмчийн төрсөн дүү Ж.Чинтулгын “Нэкст Натур” ХХК-иас 199 сая төгрөг нэхэмжлэн, шүүхэд хандаад байгаа аж.
Энэ талаар “Ачлал трейд” ХХК-ийн зүгээс “Тухайн үед танаас ганцхан юм гуйя. Танай эмнэлгийн барилгыг улс найдвартай авах учраас би дотоод заслыг нь сайн хийлгэмээр байна. Манай дүүгийн компанийг оруулчих гэсэн. Бид энэ дагуу 1.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр шилжүүлсэн ч ажил нь яваагүй. Удаа дараа шаардах бичиг өгсний эцэст гэрээ цуцалсан. Манай компанид 200 сая төгрөгийн бодит хохирол учруулсан” гэх мэдээлэл өгсөн юм.
Харин энэ асуудлаар Ж.Чинбүрэн эмч “Би дүүгийнхээ компанийг огт санал болгоогүй. Манай дүүгийн компани төрийн тендерт оролцдоггүй. Томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгээд, чанартай сайн гэгдэж явдаг. Тэднийх “Ачлал трейд” ХХК-тай 1.2 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ч ажил нь явж өгөөгүй. Хоёр компани хоорондын л маргааны асуудал. Намайг үүнд наах шаардлага байхгүй. “Ачлал трейд” ХХК-ийнхан тэднийд ажил гүйцэтгэх боломжоор хангаж өгөөгүй, байсхийгээд л өмнө ярьсан зүйлээсээ буцдаг, муу материал шахдаг зэрэг маргаан үүсгэж, хоёр талаасаа гэрээгээ цуцалсан юм билээ” гэх хариулт өгөв.
Эх сурвалж: eguur.mn
-
14 цаг 25 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13