Сайд нарын “ивээлд багтсан” Эко алтан заамар
Үйл явдал
/
2020-08-08

“Эко алтан Заамар” компанийн уурхайн талбайд нуранги үүсч, дөрвөн хүн нас барсан үеэс л тус компанийн лицензийг цуцлах тухай ярьж эхэлсэн. Гэвч ганцхан компанийн өмнө өвдөг сөхөрсөн сайд, дарга нар ямар ч алхам хийлгүй өнөөдрийг хүрлээ. “Эко алтан Заамар”-ынхан алт олборлох дөрвөн лиценз эзэмшсэн хэвээр байна. Олон хүний аминд хүрсэн осол гарахаас өмнө анхааруулга өгсөн байдаг ч тэд алдаагаа засахгүй явсаар нуранги үүссэн. Тодруулбал, осол гарахаас 7 хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 21-нд “Эко алтан Заамар” ХХК-ийн уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан эрсдэлийн үнэлгээ хийж, ил уурхайн амны хана нурах эрсдэлтэй тул үйл ажиллагааг зогсоож, аюулгүй байдлыг хангах шаардлагатай” гэсэн дүгнэлт гарч байжээ. Энэ мэтчилэн анхнаасаа хууль, журмаа зөрчсөн компанийг сайд нар нь бөөцийлсөөр ирсний балаг өнөөдөр ч тасрахгүй байна.

Тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар осол гарсны дараа “Зөвхөн олзны хойноос сорчилж авч байгаагийн гайгаар хүний амь нас эрсэдсэн нь дэндүү харамсалтай. Тиймээс зөвшөөрлийг нь цуцлах ёстой. Би тодорхой шийдвэр, чиглэлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн” гэж байв. Гэвч, түүний хоосон үг ажил хэрэг бололгүй жил дамжлаа. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ч “Эко алтан Заамар” компанийг “цээжээрээ хамгаалсан” хүмүүсийн нэг. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Холбогдох дүгнэлтийг МХЕГ гаргавал лицензийг цуцлах боломж бүрдэнэ. Бид хамгаалаад байгаа зүйлгүй” гэж тайлбарласан. Гэвч, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрынхан ч бас таг чиг хэвээрээ байна.

Энэ мэтчилэн ганцхан компанийн өмнө толгой гудайлгасан төр, сайд, дарга нараас болж, хууль зөрчсөн компани үйл ажиллагаа явуулж, хүний амь нас хохирсоор байна. Үүний хариуцлагыг хэн, хэзээ хүлээх вэ? Аль эрт арга хэмжээ авах ёстой байсан Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар нар уу? Эсвэл шинээр томилогдсон БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар уу? Төр гэж байдаг бол байгаль сүйтгэж, хүний амиар наадаж буй компанидаа хариуцлага тооцохыг хатуухан анхааруулъя.

 

Эх сурвалж: Өрөг.мн

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.107.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.