Импорт хорио цээрийн дэглэмийн үед 11 хувиар л буурсан тиймээс ч ханш тогтвортой байх боломжтой
Үйл явдал
/
2020-08-09

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

-Ханш нь зах зээл дээр өөрөө тогтдог зүйл учраас хэд хүрнэ гэж хэлж чадахгүй. Төгрөг долларын эсрэг оны эхнээс 3.5 хувиар суларсан байна. Өнгөрсөн онд дөрвөн хувиар суларсан байсан. Энэ оны хувьд инфляц тогтвортой, мөн гадаад төлбөр тооцоо байхгүй учраас ямар нэгэн дарамт байхгүй. Мөн Монгол Улсын валютын нөөц хангалттай буюу 3.6 тэрбум доллар байна. Энэ нь импортын 8-9 сарын хэрэгцээг хангахаар хэмжээтэй дүн. Тэгэхээр ханшин дээр дарамт гарахгүй гэсэн үг.

Харин олон нийтийн зүгээс сонгуулийн дараа ханш нэмэгдэнэ гэсэн хоосон яриагаар буруу хүлээлт байгаа учраас эрэлт үүсээд байгаа юм. Мөн манай улсын экспорт 40 хувиар буурч, алт 25 хувиар өссөн байгаа учраас экспортын уналтыг зөөлрүүлж өгч байна. Энэ жил бид долдугаар сарын байдлаар 13 тонн алт авсан. Өнгөрсөн онд бид бүтэн жилийн турш 17 тонныг авч байсан бол энэ удаад долдугаар сар гэхэд 13 тонн алт авсан нь энэ онд 20 гаруй тонн алт авах боломжтой учраас энэ нь валютын нөөцийг нэмэгдүүлэх болно.

Харин импорт хорио цээрийн дэглэмийн үед 11 хувиар буурсан нь тийм ч их өндөр хэрэглээ шаардлагагүй гэж харагдаж байна. Тиймээс ч ханш тогтвортой байх боломжтой. Монголбанкны зүгээс төгрөгийг доллар руу хөрвөж байгаа байдлыг ажиглаж байгаа. Доллартой харилцах хадгаламжийн үлдэгдэл өсөх нь болгоомжлоод байх зүйл биш юм. Мөн банкны зүгээс долларын хадгаламжид хүү төлүүлэхгүй байх, долларын хадгаламжийг хадгаламжийн даатгалын газраар даатгуулахгүй байх хууль гарсан шүү дээ.

Тэгэхээр хүмүүс хадгаламжаа доллар руу шилжүүлэх нь өөрт нь ашиггүй байх талтай. Урт хугацаандаа долларын хадгаламжийн өсөлт саарах байх.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.235.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.