Онгоцонд төрсөн ИХЭР ОХИД МИАТ-ын онгоцоор насан туршдаа үнэгүй үйлчлүүлэх эрхтэй боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-14

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд ихэр охин төрүүлсэн билээ.  Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд тэдний тусгаарлалтын хугацаа дууссанаар өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна. 

Онгоцонд мэндэлсэн охидод МИАТ ТӨХК-аас тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өгч байгаа юм.

"Ихэр охид болон ээжийг нь МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг олгож байна"

МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр "Монгол Улсад дотоодын нислэгт өмнө нь төрж байсан. Олон улсын нислэгт анх удаа хүүхэд төрж байгаа тохиолдол юм. Мөн ихэр хүүхэд онгоцонд мэндэлж буй нь дэлхийд анхных болж байгаа.

Мөн долдугаар сарын 9-н нь МИАТ ТӨХК үүсгэн байгуулагдсаны яг дараагийн өдөр тохиосон юм. Биднийг их түгшээж бас баярлуулсан. Монголчууд бид охид төрвөл өсөн дэвжих нь хэмээн ихэд бэлгэшээдэг. Бид ч их бэлгэшээж байна. 

Тиймээс манай компаниас ихэр охидоо болон ээжийг нь МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг олгож байна" гэлээ. Харин охидыг аль улсын харьяалалд бүртгэх гэх асуултад тэрбээр хариулахдаа "Агаарын хөлгийн дотор тал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарна. Харин хаана төрсөн бэ гэвэл онгоцонд гэх байх. Энэ бол тун ховор тохиолдол. Эх баригч, сэхээний эмч зэрэг мэргэжлийн хүмүүс онгоцонд байж таарсан. Үнэхээр ус уух хувьтай охид юм. Онгоц дүүрэн зорчигчтой байсан. Истанбулаас 260 зорчигчтой хөөрөөд, 262 хүнтэй буусан" хэмээлээ. 

Ихэр охидын ээж "Онгоцод орохоос хоёр өдрийн өмнөөс бие жаахан чилээрхсэн. Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буураад, дахин нэмэгддэг юм байна. Одоогоор хэвийн жиндээ хүрч байгаа.  Бие тамирдуу байсан учраас онгоц хөөрсний дараагаар төрлөө. Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэр хайрласан" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.218.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.