Малайзын тэнгисийн хамгаалалтын алба даваа гаригт /2020.08.10/ их хэмжээний тамхи хууль бусаар тээвэрлэж явсан ачааны жижиг хөлөг онгоцыг илрүүлэн саатуулсан байна. Нийт 2.6 сая ринггит буюу 620 мянган ам.долларын өртөг бүхий 650 мянган хайрцаг тамхийг Малайзын хилээр нэвтрүүлэхээр тээвэрлэж явсан энэ онгоц Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй байжээ.
Хөлөг дээр 24-50 насны дөрвөн энэтхэг, хоёр малайзын иргэн байсан ба тэднийг баривчлан саатуулаад байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад тамхийг Вьетнамаас ачиж, Малайз, Индонез зэрэг улсууд руу хулгайгаар нэвтрүүлдэг байсныг тогтоожээ. Саатуулагдсан хөлгийг Малайз улсын Сабах мужийн Кота Кинабалу хотын Сепангар дүүрэг дэх тэнгисийн хамгаалалтын албаны зогсоолд хүргэсэн байна.
Дашрамд дурдахад, Монгол Улс нь Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 1921 оны Барселоны тунхаглал, НҮБ-ын Их далайн тухай 1958 оны конвенц, Олон улсын далайн байгууллагын тухай 1948 оны конвенц, Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенцод нэгдэж, 1996 онд Олон улсын далайн байгууллагын гишүүнээр элссэн байна. Улмаар 1991 онд Далай ашиглах тухай хуулийг баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, далайд гарцгүй Монгол Улс усан замын тээвэрт бусад улсын хөлөг онгоцуудад зөвхөн далбаагаа ашиглуулж орлого олох хэлбэрээр оролцдог гэсэн үг юм. Өдгөө дэлхийн хэмжээнд 350 гаруй хөлөг онгоц Монгол Улсын далбааг мандуулан ачаа тээвэр хийж байна.
Харин Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой. Зарим тохиолдолд тухайн хөлөг онгоц зорчиж яваа улсынхаа нийгмийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулбал тухайн нутаг дэвсгэрийн хуулиар зохицуулагдах нь ч бий.
Монгол Улсын далайн захиргааны газрын мэдээлснээр, идэвхтэй ажиллаж буй хөлөг онгоцнуудаас хамгийн олон нь буюу 107 нь Сингапурт байна. Түүнчлэн Малайзад 58, Хонконгод 31, Панамд 24, Белизд 14, БНИУ-д 13, Японд 13, Маршаллын Арлуудын Улсад 12, БНСВУ-д 11, БНХАУ-д 10, бусад оронд 64 байгаа юм.
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн орлогоос Монгол Улсын Далайн захиргаа болон Сингапур дахь “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлдэг бөгөөд Сангийн сайдын баталсан төлөвлөгөөний дагуу улсын төсөвт орлого төвлөрүүлдэг байна. Энэхүү орлогоос Олон улсын далайн байгууллагын гишүүнчлэлийн татвар төлдөг аж.
Ташрамд дурдахад, Монгол Улс нь “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 1921 оны Барселоны тунхаглал, НҮБ-ын “Их далайн тухай” 1958 оны конвенц, “Олон улсын далайн байгууллагын тухай” 1948 оны конвенц, “Далайн эрх зүйн тухай” 1982 оны конвенцод нэгдэж, 1996 онд Олон улсын далайн байгууллагын гишүүнээр элссэн байна. Улмаар 1991 онд Далай ашиглах тухай хуулийг баталсан. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Далайн хөдөлмөрийн тухай” конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг энэ оны 10 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлээд буй юм.
-
9 цаг 21 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин