Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр орны зам, тээврийн салбарын өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
Сайд Л.Халтар өнгөрөгч 2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, ойн хүрээнд Монголын анхны хурдны авто зам, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Баянхонгор-Байдрагийн гүүр, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто зам зэрэг олон томоохон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв.
Тэрбээр Хятад-Европын чингэлгийн буухиа галт тэрэгний тоо 2020 оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар нэмэгдсэн учир Эрээн боомт болон Эрээн-Жинин чиглэлийн төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг дурдаад БНХАУ-ын холбогдох дээд шатны байгууллагад мэдэгдэж, энэ чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын автотээвэрлэлтийг өргөжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ зэрэг боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол гарц Гашуунсухайт боомтыг 24 цагийн горимд шилжүүлэх боломжийг судалж үзэх, МИАТ ТӨХК Air China авиа компанитай аяллын дугаар хамтран эзэмших зэрэг хэд хэдэн саналыг илэрхийллээ.
БНХАУ-ын Элчин сайд Чай Вэньруй сүүлийн жилүүдэд хоёр орны харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж, түүхэн шинэ шат, иж бүрэн стратегийн түвшинд хүрсэн хэмээн үзэж буйгаа цохон тэмдэглэлээ. Тэрбээр зам, тээврийн салбар нь хоёр орны найрамдалт харилцааны нэг гол төлөөлөл төдийгүй энэ салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлж байгааг онцолж, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлээ.
Түүнчлэн БНХАУ-д зам, тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэхэд харилцан хамтран ажилласан олон жилийн туршлага дээр үндэслэн цаашид улам хөгжүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-ын төмөр замын холбогдох байгууллагад уламжилж, бүх талаар дэмжин ажиллахад бэлэн гэдгээ онцоллоо. Элчин сайд Чай Вэньруй тэртээх 60 жилийн өмнөөс хоёр орны харилцааг холбож ирсэн Налайхын замд ажиллах Хятад ажилчдыг ажлаа хурдан, чанартай хийж гүйцэтгэх тал дээр чиглэл өгч ажиллахаа тэмдэглэлээ.
Одоогийн байдлаар дэлхийд цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор ажилчдыг олноор нь оруулж ирэхэд хүндрэлтэй байгаа ч Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Ерөнхий гүйцэтгэгч Хятад компаниудад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр Элчин сайдын яамнаас хяналт тавьж ажиллаж байгааг танилцууллаа. Мөн БНХАУ-руу гаргаж буй нүүрс экспортын хэмжээ тогтворгүй байгаа ч эдийн засгийн энэ хүнд нөхцөлд найрсаг харилцаатай хөршийн хувьд бие биеэ дэмжин ажиллах нь зүй ёсны хэрэг хэмээгээд Элчин сайд ч нүүрс экспортын хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдгаа онцлов.
-
9 цаг 11 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин