Өмнөд Солонгост нэг өдөрт илэрсэн Covid-19 халдварын тохиолдол 100 давлаа
Үйл явдал
/
2020-08-16
24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 103 шинэ тохиолдол бүртгэснээ Өмнөд Солонгосын эрх баригчид Баасан гарагт зарлажээ.

Тэдгээрийн 85 нь дотоодод дамжсан халдварын тохиолдол байсан бөгөөд гуравдугаар сарын 31-нээс хойш нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болсон байна. Нийт тохиолдлуудын 83 нь нийслэл Сөүл орчмын сүм, ажлын байр, асрамжийн газруудаас гаралтайг тогтоожээ. 

“Дотоод халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаа нь санаа зовоож байна. Хэрвээ байдал цаашид хүндэрвэл бид Сөүл орчмын бүс нутгийг онц байдлын 2 дугаар түвшний дэглэмд шилжүүлэхээс өөр аргагүй болно” гэж тус улсын ерөнхий сайд Чун Сэ Кюн мэдэгджээ. Өмнөд Солонгост энэ сарын эхээр өдөрт 20-40 халдварын тохиолдол илрэх хэмжээнд хүрээд байсан бол энэ долоо хоногоос эхлэн огцом өссөн юм. Одоо тус улсад онц байдлын нэгдүгээр түвшний дэглэм үйлчилж байгаа. Энэ тохиолдолд амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг бусад халдвараас сэргийлэх арга хэмжээ хэрэгжсэн тохиолдолд олон нийтийн арга хэмжээнүүдийг зөвшөөрдөг. Харин хоёрдугаар түвшинд шилжвэл 50-аас дээш хүн цугларах дотоод орчны арга хэмжээнүүд, 100-аас дээш хүн цугларах гадаад орчны арга хэмжээнүүдийг хориглож, спорт, урлаг, үзвэр үйлчилгээний байгууламжуудыг хаах юм. Өчигдөр тус улсын хөрш Умард Солонгост халдварын тохиолдол батлагдаагүй тул хилийн Кэсон хотод тогтоосон хөл хориог цуцалжээ. Умард Солонгост коронавирусийн анхны халдварын тохиолдол илэрсэн байж болзошгүй нөхцөл үүссэн тул гурван долоо хоногийн өмнө энэ хотыг гадаад ертөнцөөс тусгаарлаж байв. Тус улсын удирдагч Ким Жон Ун тусгаарлалтад байхдаа эрх баригчдын тавьсан шаардлагыг дэмжиж ажилласан Кэсон хотын оршин суугчдад талархал илэрхийлжээ. Тэрбээр гадаад орнуудаас коронавирус зөөвөрлөгдөж ирэхээс сэргийлэхийн тулд улсын хилээ хаалттай хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.

Сүүлийн үед орсон аадар борооны улмаас үүссэн үерийн гамшигт гадаадаас ямар ч тусламж авахгүй байх шийдвэр гаргасан нь мөн коронавирус орж ирэхээс сэргийлэх зорилготойг Пёньяны төв мэдээллийн агентлаг тайлбарлажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.77.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.