Төсвийн тодотгол хийх хуулийн төслийг өргөн барилаа...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-16

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2020.08.14) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан юм.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1093 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3472 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан байна. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг хамруулжээ.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1,023.5 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгрт хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцсэн байна.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 8.0 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 623.9 тэрбум төгрөгөөр буюу 8.5 хувиар давж, улсын төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр төлөвлөснөөс 111.5 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар бага байгаа аж. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлийг 1,317.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнаж байгааг төслийн танилцуулгад дурджээ. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 6.1 их наяд, авлага 5.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 8.5 их наяд, үндсэн хөрөнгө 37.6 их наяд төгрөг хэмээн тайлагнаж байгааг мөн төслийн танилцуулгад дурдсан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгааг Сангийн сайд танилцуулсан юм.

Дэлхий даяар эрчимтэй тархаад байгаа коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал нь Монгол Улс төдийгүй дэлхийн бусад орны нийгэм, эдийн засагт урьдчилан таамаглаагүй хохирлыг үзүүлээд байгаа юм. Уг нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2020 оны макро эдийн засгийн төсөөлөл анх тооцон төсөвт тусгаж байснаас өөрчлөгдөхөөр байгааг төслийн танилцуулгад дурджээ. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас төсвийн орлого оны эцэст төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсэж байгаа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнд өөрчлөлт оруулах, ач холбогдлоор нь эрэмбэлэх замаар төсвийг дахин хуваарилах зайлшгүй шаардлагыг үүсгээд байгаа аж.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2020 оны эхний 6 сарын байдлаар 4,358.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 1,212.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас ийнхүү эдийн засгийн өсөлт саарч, улмаар оны эцэст төсвийн орлого буурах нөхцөл байдал үүсээд байгаа тул Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээнүүдийг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.

Төсвийн тодотгол хийх шаардлага, үндэслэлд суурилан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх, цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжид шийдвэрлэх зарчмыг баримталжээ. Түүнчлэн экспортыг далайцтай нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, цахим шилжилтийг хурдасгах, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх зарчмыг баримталсан байна.

Шаардлагатай өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголд тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 2,170.7 тэрбум төгрөгөөр буурч 10,729.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт зарлага 704.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 14,577.5 тэрбум төгрөг болох ба төсвийн нийт тэнцэл -3,848.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.9 хувьтай тэнцэх юм байна 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.68.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.