Ж.Гантулга: Бага ангид Монгол хэл бичиг, тооны хичээлүүдийг ТАНХИМААР ЗААНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-18

Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилтийн асуудлаар нийслэлийн удирдлагууд хуралдлаа. Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээл, сургууль эхлэх бэлтгэл ажилтай холбоотой зарим мэдээллийг танилцуулсан юм.

Тэрбээр “Энэ жил нийслэлийн сургууль, цэцэрлэгийн засвартай холбоотой 69 ажил хийгдэж буй бөгөөд нийт 6.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүнээс 41-ийнх нь гэрээ байгуулагдаад ажил нь эхэлсэн, 14-ийнх нь тендер сонгон шалгаруулах ажил үргэлжилж байна.

Үлдсэн 14 ажлынх нь төсөв тасалдлаас болж хөрөнгө буцаан татагдах шийдвэр гарсан. Ажил нь эхэлсэн сургууль, цэцэрлэгийн засварын ажил одоогоор 67 хувьтай байна.

Жил бүр өвөлжилт нь хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгүүдийн жагсаалтыг гаргаж, нэн шаардлагатай сургууль, цэцэрлэгүүд дээр нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 700 саяас нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө гаргаж завсар хийдэг.

Энэ жил өвөлжилт нь хүндэрч болзошгүй 13 сургууль, цэцэрлэгт 698 сая төгрөгийн хөрөнгө гаргаж засварын хийгдэх төсөв батлагдсан" гэлээ.

Үргэлжлүүлэн "COVID-19-тэй холбоотойгоор боловсролын салбар шинэ арга барилд шилжих явцыг түргэтгэх шаардлагатай.

Есдүгээр сарын 1-нээс танхимын сургалтыг нээх болсон.

Үүнтэй холбоотойгоор БШУ-ны сайдын Хичээл сургалтын ажлыг зохион байгуулах, мөрдөх түр журам батлагдсан. Журамд халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөх болон ямар хичээл нь танхимаар орох зэргийг тодорхой тусгаж өгсөн.

Мөн өмнө жилүүдэд цэцэрлэгийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгслийг жилээр нь авдаг байсан бол энэ жил улирлаар нь авахаар зохицуулсан.

  • Есдүгээр сарын 1-ний өдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа,
  • Есдүгээр сарын 14-ний өдөр Мэргэжлийн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа,
  • Аравдугаар сарын 5-ны өдөр Их, дээд сургуулийн үйл ажиллагаа тус тус нээгдэнэ. Одоогоор бэлтгэл ажлыг хангаж байна.
  • "Сум, баг, тосгоны сурагчид долоо хоногт таван өдөр танхимаар хичээллэнэ"

Сургалтын үйл ажиллагаа танхимын болон танхимын бус гэсэн хэлбэрээр явагдана. Сум, тосгон багийн хувьд долоо хоногийн таван өдөр танхимаар хичээллэнэ.

Харин аймгийн төв, Улаанбаатар хотын сурагчдад долоо хоногийн гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл хэлбэрээр сургалт явагдана.

Танхимын сургалтын бүлэг дүүргэлт 20-оос хэтрэхгүй хүүхэдтэй байна. Нэг өдрийн хичээл 4.5 цагаас хэтрэхгүй байхаар зохион байгуулалтыг хийнэ.

Есдүгээр сард өмнөх хичээлийн жилд үзсэн агуулгуудыг бататгах чиглэлийн хичээлүүд орно. Тухайлбал, нэгдүгээр ангид эхний долоо хоногт бэлтгэл хөтөлбөр явах юм.

Танхимын сургалтаар,

  • Бага ангид: Монгол хэл, бичиг, Математик
  • Дунд ангид: Монгол хэл, бичиг, Математик, Физик, Хими, Биологи, Түүх нийгэм, Англи хэл, Эрүүл мэнд
  • Ахлах ангид: Монгол хэл, бичиг, Математик, Эрүүл мэнд болон сонгох судлах гурав хүртэлх хичээл нь  танхимаар орно. Бусад хичээл нь теле хэлбэрээр орно"
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.119.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.