УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Ээлжит бус чуулганаар хийх ёстой хамгийн гол ажил нь төсвийн тодотгол. Үүнтэй эн зэрэгцэх өөр нэг том ажил нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах. Эдийн засгийн хүндрэл нүүрлэсэн амаргүй нөхцөлд ажиллах нь нэгэнт тодорхой болсон У.Хүрэлсүхийн Засгийн газар ирэх дөрвөн жилд ямар бодлого хэрэгжүүлж, юу хийхээ үйл ажиллагааны хөтөлбөр буюу мөрийн хөтөлбөрөөрөө зарлана.
Цаг хугацааны хувьд дараалсан хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллах, бас энэ удаагийн бүрэн эрхийн хугацаагаа гүйцээвэл хамгийн урт хугацаанд бодлого төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ховор боломж өнөөгийн Ерөнхий сайдад олдоод буй. Харин У.Хүрэлсүх, түүний толгойлсон Засгийн газар, гарт нь буй олонх энэ дөрвөн жилд хэрхэн ажиллах, ямар бодлого хэрэгжүүлэх нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Учир нь өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн үүсгэсэн хүлээлт, төрүүлсэн найдвар олон нийтийн сэтгэлд цогшсоор буй.
Улирсан парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлийн хагаст Ерөнхий сайдаар ажиллахдаа У.Хүрэлсүх бодсон санаснаа бүрэн дүүрэн гүйцээх цаг хугацааны болон бусад хүчин зүйлийн нөхцөл бүрдээгүй. Танхимаа бүрдүүлэхээс эхлээд амаргүй даваа давж, нам дотроо эвсэл байгуулах хэмжээний яриа хэлцэл өрнүүлэн, арай гэж тохиролцсон. Олон жил оршин тогтнож ирсэн бүлэглэлийн савраас төр, засгийг гаргаж, шантаажны улс төрийг хална гэсэн нь дэндүү гэнэн, романтик мөрөөдөл байсныг У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэхээр ажилласан хэд хоногтоо ойлгосон биз ээ.
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдохтой зэрэгцээд өмнөх Ерөнхий сайд нарын зовлон толгой дээр нь буусан. Гар нийлэн ажиллах танхимаа өөрийнхөө хүссэнээр бүрдүүлж чадахгүй байх, нэгэнт хүрсэн суудалдаа удаан тогтохыг хүсэх, Засгийн газраа тогтвортой байлгахын тулд хүссэн, хүсээгүй бусад бүлэг, фракцын ая эвийг олж, төлөөллийг нь багтаан, огцрох аюулыг өөрөөсөө бага боловч холдуулах, ингэснээр өөрийг нь итгэж дагасан журмын нөхдөө гомдоох гээд өмнөх Ерөнхий сайд нарын үзэж, туулсан бүхнийг тэр амссан.
Танхимд нь ажиллаж байсан Засгийн газраа огцруулж, намын нөхдөө түлхэж унагаад өөрөө Ерөнхий сайд болсон тэрбээр “Төрд шударга ёс тогтооно” хэмээн зорилгоо тунхагласан. Гэвч шударга ёсны төлөө тэмцэхээс илүү албан тушаалдаа хэрхэн удаан оршин тогтнох вэ гэдэг нь түүний хувьд тулгамдсан асуудал болж харагдсан үе ч бий. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 33 гишүүн нь түүнийг Ерөнхий сайдын суудалд нь тогтоох хангалттай хүч болохгүй тул АН-ын бүлгийн дэмжлэгийг авах уу, бараг дайсны хэмжээнд очсон 32-ын бүлэгтэйгээ тохиролцож, эвсэх үү гэдгээ шийдэх шаардлага түүнд тулгарсан.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаас ч өмнө дөрөө харшуулсан нь олон нийтэд нэгэнт ил болсон Ерөнхийлөгч Х.Баттулга, түүгээр дамжуулаад АН-ын дэмжлэгийг авсан чигээрээ зүтгэх боломж У.Хүрэлсүхэд байсан. Гэвч энэ нь хэзээ ч хагарч мэдэх хөөсөн бөмбөлөг алган дээрээ тавиад явж буйгаас өөрцгүй эрсдэлтэй, асуудал гарах бүрт “Ах аа, намайг бодоорой” гэж сөрөг хүчин рүүгээ гүйх нь өрөвдөлтэй, улс төрд мөнхийн нөхөр гэж байдаггүйг У.Хүрэлсүх мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Тиймээс хэзээ ч нүүр буруулж мэдэх сөрөг хүчний атганд нэгмөсөн орсноос сайн ч муу ч өөрийн намынхантайгаа эвсэх нь дээр гэж үзэж. Ингэх нь ядаж л гишүүд, дэмжигчдийнхээ урмыг хугалахгүй, сонгогчдод МАН нэгдмэл байгаа гэж хэлэхэд дөхөм болох учраас 33 болон 32-ын бүлэг хамтарсан Засгийн газар байгуулсан.
У.Хүрэлсүхийн тал Засгийн газрынхаа насыг уртасгах, өглөө бүр “Хэн намайг огцруулах бол” гэсэн айдастай сэрэхгүйн тулд баттай хамгаалах 39 саналын товчлууртай байх хэрэгтэй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 33 дээр 32-ын бүлгээс “шахсан” зургаан сайдыг нэмэхээр энэ тоо гүйцэж буй тул “ардын” Засгийн газар харьцангуй айдас багатай ажиллах боломж бүрдэнэ гэж тооцож, энэ тоон дээр тогтсон хэрэг. Ингээд Ерөнхий сайдын амласан “ардын” засаг тогтсон гэхэд учир дутагдалтай, өмнөхөөсөө онцын ялгаагүй, фракцуудын “шахаа”-ны Засгийн газар бүрэлдсэн юм. Энэ нөхцөлд, олдсон богино хугацаанд бодож төлөвлөсөн, санаж сэдсэн ажлаа гүйцээх боломж хомс байсан гэж олон нийт үзсэн учраас түүнийг улираан ажиллуулах сонголт хийж, удирдсан намд нь үнэмлэхүй олонхын суудал өгсөн биз.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохоосоо өмнө сонинд өгсөн ярилцлагадаа “Нийгэмд шударга ёсны хэмжүүр алдагдаж, төрт ёс, хууль журам уландаа гишгэгдлээ. Эмх замбараагүй, сахилга, хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа. Нийгмийн баялаг хэдхэн эрх мэдэлтний гарт нууцаар төвлөрч, ард иргэдэд ямар ч хүртээмжгүй байдлаар зарцуулагдаж, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор байна. Баян, хоосны ялгаа туйлдаа хүрлээ. Одоо л энэ байдалтай цаг алдалгүй тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоож, бодлогын эрс шийдэмгий томоохон өөрчлөлт хийхгүй бол жинхэнэ утгаараа үймээн болж, нийгмийн эмх замбараагүй байдал бий болоход ойрхон боллоо.
Бурхны сургаалд “Чи хэрвээ зовлонгоос ангижиръя гэвэл, эхлээд зовлонгийн шалтгааныг ол” гэсэн байдаг. Тэгэхээр монголчууд бидэнд зовлон байна. Тэр зовлон бол мөнгө цагаан, нүд улаан гэдэг шиг улс төр, бизнесийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон хэсэг эрх мэдэлтнүүдийн мафижсан бүлэглэл төрд бий болсон явдал. Бүр сүүлдээ хууль хяналтын байгууллагууд ч энэ бүлэглэлийн өмнө толгой гудайлган, гар хөл нь болон үйлчилдэг болоод байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Эцэг өвгөдийн минь байгуулсан эх орончдын нам ч үүний өмнө өвдөг сөхрөх ёсгүй. Энэ бүхнийг л бид тас цохиж цэгцлэх учиртай” хэмээн ярьж байв.
Харин Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганы танхимаас “Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль, төр, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга. Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ. Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ. Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно. Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана” хэмээн мэдэгдсэн.
Иргэд түүнээс загатнасан газар маажиж, итгэл найдвар төрүүлсэн эдгээр үгсийнх нь биелэлтийг хүлээсээр буй учраас дахин сонгож, Ерөнхий сайдаар ажиллах боломж өглөө. Харин У.Хүрэлсүхийн бүрдүүлсэн танхим амласан амлалт, бий болгосон хүлээлтдээ хүрэх, эсэхийг хэд хоногийн дараа ээлжит бус чуулганаар батлагдах мөрийн хөтөлбөрөөс нь харна
Өнгөрсөн удаад Засгийн газрын танхимаа байгуулахаас эхлээд хоёр хуваагдсан намын гишүүдийнхээ эв зүйг олохын тулд бүрэн өөрийнхөө бодлоор байж чадаагүй У.Хүрэлсүх энэ удаа эрс шийдэмгий, зоригтой гэмээр сонголт хийж, мэргэжлийн Засгийн газар байгуулахаар зорьсон нь харагдсан. Одоо итгэл хүлээлгэсэн хүмүүстэйгээ гар нийлж ажиллах, тэднийгээ ажиллуулах, бий болгоод орхисон хүлээлт, найдварт хүрэхийн төлөө хичээх л үлдсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр ээлжит бус чуулганыг нээхдээ “Монголоо өөд нь татаж, сэргээн мандуулах шинэчлэлийн давлагаа нэгэнт эхэлсэн. Энэ давлагааг хүчит түрлэг болгож, уруудсанаа засах, буруудсанаа залруулах, зөв замд орж, эрчимт хурдаар улсаа хөгжүүлэх нэн хариуцлагатай эрхэм үүрэг Та бидэнд ногдсон” хэмээсэн. Түүний хэлсэнчлэн уруудсанаа засаж, буруудсанаа залруулах, зөв замд орж, эрчимт хурдаар улсаа хөгжүүлэх зорилго биелэх, эсэх нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр, түүний хэрэгжилтээс ихээхэн хамаарах нь тодорхой. Ямар мөрийн хөтөлбөр батлагдахыг анхааралтай ажиглах өдрүүд урд байна.
-
9 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин