Монголчуудад байгаль экологийн болон усны боловсролын хичээл нэн чухал шаардлагатай байна даа
Үйл явдал
/
2020-08-19

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 88 хүн усанд осолдож нас бардаг гэсэн өнгөрсөн оны тоон судалгаа байна. Энэ оны долоодугаар сарын эхээр гэхэд нийслэлийн хэмжээнд 18 хүн усанд осолдсоноос зургаа нь бага насны хүүхэд аж. Монголчууд өөрсдийгөө байгальд их ээлтэй, усанд сүүтэй шанагаа ч дүрдэггүй тийм их ёс суртахуунтай хүмүүс гэж ярьцгаадаг. Харамсалтай нь энэ бүхнийг дээрх тоон үзүүлэлтүүд үгүйсгэж байгаа юм. Гал, усны гашуун зовлон гэдэг үгээр өгүүлшгүй зүйл. Өнгөрөгч зууны жаран зургааны оны үер бол байгалийн давагдашгүй хүчин зүйл байсан. Харин яг одоогийн усанд эндэж буй байдлыг харахад байгалийг бассан ч гэмээр хачирхалтай явдлууд юм.

Нийслэлчүүд бид амралтын өдрүүдээр Улаанбаатарынхаа ойролцоохь Туул голын хөвөөнд очих дуртай. Байгалийн сайхан усны хөвөөнд очиж амрахад болохгүй нь ч юу байхав. Парисчууд Сена мөрнийхөө хөвөөнд, Будант Альбиончууд Темза мөрөн дээрээ, Хойт хөршийн нийслэлийнхэн Москва гол дээр өнждөг нь хаана ч бичигдээгүй хууль. Харамсалтай нь монголчууд маань голын хөвөөнд очоод найрлаж наргиж ухаанаа алддаг явдал. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэгчээр саваа халиагүй голд ч живж эндээд байгаа нь гунигтай. Онцгой байдлын завьт эргүүлийнхний мэдээлж буйгаар халамцуу хүн усанд сэлэх гэж ороод живдгийн гол үндэс нь согтууруулах ундаа хэрэглэсэн хүний шөрмөс татчихдаг гэж байгаа. Мөн архи уусан улс бага насны хүүхдүүддээ анхаарал тавилгүй хөзөр даалуу тоглох, архи дарсандаа улайрсанаар гэм зэмгүй энхэр бяцхан үрсийн амь нас хохирдог байна.

Ер нь Туул зэрэг томоохон урсгалт гол ч гэлтгүй хүний шагайгаар татсан усанд нүүрээрээ харуулдаж унасан хүн амьсгал авч чадалгүй бурхан болдог гэдгийг түргэний эмч нар ч хэлдэг. Иймээс монголчуудад том бага гэлтгүй байгаль экологийн хичээл, тэр дундаа гол уснаас сэргийлэх усны аюулгүй байдлын хичээл зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Энэ талаар Боловсролын яам ч анхаарах цаг болсон. Гуравхан сая хүн амтай Монгол Улс ингэж байж л хүн амаа эмгэнэлт байдлаас, болзошгүй ойр зуурын осол эндлээс сэргийлж чадна. Биднийг бага балчир байхад эцэг эхчүүд үертэй голд ойртохыг хориглодог байсан. “Эрэг рүү нь бүү ойртоорой. Эргийг нь үер доогуур нь ухчихсан байдаг юм. Нураад ширүүн урсгалд орчихвол гарч чадахгүй шүү. Бидон саваа урсгачихвал араас нь орж болохгүй” гэх мэтээр түмэн янзын “болохгүй” гэсэн хориг тавьдаг байлаа. Энэ бол үр хүүхдээ болзошгүй ослоос сэргийлсэн хайрын сэтгэлийнх нь нандин илрэл байж.

Усанд живсэн хүнийг арван минутын дотор анхны тусламжийг зөв үзүүлсэнээр аврах бүрэн боломжтой байдаг аж. Харин түүнээс дээш хугацаа алдсан үед амьсгалын зам руу их хэмжээний ус орох, гадны биет орж бөглөсөн тохиолдолд аврах боломжгүй байдаг байна. Ус болон тогтоол ус, гүнзгий цүнхээлд хөл алдаж живсэн тохиодолд амьсгалын зам усаар дүүрч бөглөрснөөр амь насаа алддаг. Усанд осолдсон иргэдийн ихэнх хувь нь усны гүнийг мэдэлгүй бүсэлхийнээс дээш усанд орж санамсаргүй байдлаар живж амь насаа алддаг аж. Иймээс усанд осолдохгүй байх, осолдсон нэгэндээ яаралтай түргэн тусламж үзүүлэх зэрэг маш чухал хэрэгтэй хичээлүүдийг сургалтдаа оруулж өгвөл хамгийн чухал хичээл энэ болж мэдэх юм. Явж явж энэ орчлонд хүний алтан аминаас үнэтэй зүйл гэж үгүй билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.13.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.