Б.Энхбаяр: Хүүхдийн мөнгийг 100 мянга биш 300 мянган төгрөг болгох бололцоо байсан
Үйл явдал
/
2020-08-19

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Байнгын хорооны хуралдааны үеэр төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр энэ үеэр ирэх таван жилийн хугацаанд төрийн өмчит компани аж ахуй нэгжийг шинээр байгуулахгүй байх хэрэгтэй хэмээн мэдэгдлээ. 

Тэрээр энэ үеэр, “Би Ерөнхий аудиторын УИХ-д ирүүлсэн 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаас та бүхэндээ 4 тоог хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, 2019 оны 12 сарын 31-ны байдлаар Монгол Улсын төрийн өмчит компаниудад 15 их наяд төгрөг бүртгэлтэй байна гэсэн тооцоо гарсан байна. Энэ бол зах зээлийн үнэлгээ биш нягтлан бодох бүртгэлийн тайлан блансаараа бүртгэдсэн хөрөнгө. Хоёрдугаарт, энэхүү төрийн өмчит компаниуд дээр 2 их наяд төгрөгийн цалин урамшууллын асуудал байна. Бид нийтдээ орлогын татвараар 2.9 их наяд төгрөг хуримтлуулдаг. Үндсэндээ орлогын татвараа тэр чигт нь цалинд өгдөг гэсэн үг. 

Гуравдугаарт, төрийн өмчит компаниуд дээр 1.5 их наяд төгрөгийн өр байна. Дөрөвдүгээрт, эдгээр компаниудад 1.9 их наяд төгрөгийн зөрчил алдаа аудитоор илэрсэн байна. Хүн амдаа хувааж тооцвол Монгол Улсын нэг хүнд зургаан сая төгрөг өгч болохуйц хэмжээний зөрчил алдаа  илэрчээ. Ийм алдаа дутагдал байгаагүй бол бид хүүхдийн мөнгийг 100 мянга биш 300 мянган төгрөг болгох бололцоо байсан байна 

Ийм их хэмжээний авлига, хулгай байгаа учраас өнөөдөр ядуурал ажилгүйдэл нүүрлэсээр байна. Бид ямар ч том хөгжлийн бодлого яриад энэ асуудлуудыг ярихгүйгээр хүссэн үр дүндээ хүрэхгүй. Тийм учраас ирэх таван жилд нэг ч төрийн өмчит компани шинээр байгуулмааргүй байна. Бүр ингэж зарламаар байна” гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.