Хүсч буй ирээдүйгээ бүтээн байгуулъя
Үйл явдал
/
2020-08-19

“Нэгдсэн үндэсний байгууллага”-ын 75 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газраас “Хүсч буй ирээдүйгээ бүтээн байгуулъя” уриан дор төрийн байгууллагуудтай зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтанд НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд С.Зулпхар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уг хэлэлцүүлэг нь НҮБ-ын 100 жилийн ой буюу 2045 он гэхэд өнөөдрөөс сайхан ертөнцийг бий болгохын төлөө дэлхийн улс гүрнүүдийн хамтын гарц шийдлийг хайх, цаашдын 25 жилийн дүр зургийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн юм.

НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ “ Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго буюу 2030 он хүртэлх арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж бүхий л салбар чиглэлд тогтвортой байдлыг хангахад олон талт хамтын ажиллагаа чухал юм. Мөн шийдвэр гаргагч болон бодлого, стратеги тодорхойлох түвшинд нягт хамтран ажиллах нь бүх оролцогч талуудыг хамруулсан бодит ажил болох юм.” гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Монгол Улсын алсын хараа 2050 зэрэг стратегийн зорилтуудыг хэрэгжилтийг хангахад салбар дундын хамтын ажиллагаа улам чухал болж байна. Байгалийн нөөцийг зохистой ашиглах, тогтвортой нөөц даацад тулгуурласан ашиглалтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох арга хэмжээ авах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, усан хангамж болон усны нөөцийг хамгаалах зэрэг тулгарч буй олон бэрхшээлийг шийдэх нь хэд хэдэн салбарын тулгамдаж буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд багагүй хувь нэмэр оруулна. Мөн дэлхий гэдэг нэг гэртэй 7 тэрбум хүнтэй нэг айлын хувьд бүгд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулан ажиллах, гэрээ цэвэр эрүүл байлгах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, хойч үедээ өвлүүлж үлдээх нь бидний хамгийн том үүрэг юм” гэдгийн онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.10.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.