Зээлийн хүүг бууруулах хөтөлбөр бэлэн болсныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолжээ. Тус хөтөлбөрийг боловсруулж УИХ-ын даргад өргөн бариад, ээлжит чуулганаар хэлэлцүүлэх л үлдсэн аж. Өнгөрсөн Долдугаар сарын сүүлчээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцож байв. "Бид ирэх жилүүдэд өр төлнө. Өрөө төлөхийн тулд төлбөрийн баланс сайжрах ёстой. Төлбөрийн баланс сайжрах нөхцөл нь экспортын хэмжээ, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх явдал юм. Гэтэл ийм боломж тэр бүр бүрдэхгүй байна. Манай банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16 хувь байгаа. Гэтэл шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнесийнхэн эхний 5 жилдээ 5 хувиас дээш ашигтай ажиллах ямар ч боломжгүй байна. Үйлдвэрлэл хумигдаж, эдийн засаг агшиж байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах, экспортын болон жижиг дунд үйлдвэрлэлийг хүүгийн татаас, зээлийн шугамаар дэмжих шаардлагатай боллоо. Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя. Энэхүү тогтоолд чанаргүй активыг бууруулах, эрх зүйн шинэчлэл хийх, эх үүсвэрийн хүүг бууруулах, Хөгжлийн банктай хамтарч ажиллах болон бусад асуудлаар Та бүхэн 8-р сарын 10 гэхэд саналаа өгөх хэрэгтэй байна. Банкуудын холбоо, арилжааны банкууд УИХ-д шинээр байгуулагдсан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон бусад байнгын хороод, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нараар ахлуулан байгуулсан төсөв, санхүү, банкны шинэчлэлийн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгүүдтэй хамтарч ажиллах, өөр өөрийн биш, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах нь чухал байна” гэв. УИХ-ын даргын энэхүү саналыг банкуудын удирдлагууд дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Зээлийн хүүг бууруулах чиглэлээр өмнө нь боловсруулсан хөтөлбөр, Монголбанкнаас баримталж ирсэн бодлого, чиглэл нь зээлийн хүүний түвшинг захиргаадалтын аргаар бус,харин эдийн засаг, санхүү, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар бууруулах нь зохистой гэж үзэж ирсэн. Захиргаадалтын аргаар хүүг бууруулах нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг бий болгох эрсдэлтэй билээ.
-
9 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин