Б.Лхагвасүрэн: Нөлөө бүхий 5 банкны үйл ажиллагаа хэвийн байгаа
Үйл явдал
/
2020-08-20

Монгол банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Өчигдөр Үндэсний аудитын газраас нөлөө бүхий 2 банк дампуурах эрсдэлд орсон  гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудлаар   Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах тайлбарыг өглөө. Тэрээр  "Банкны салбарт эргэлдэж буй нийт мөнгөний хэмжээ 35 их наяд төгрөгт хүрсэн. Зээлийн хэмжээ 20 орчим их наяд төгрөг байгаа юм. Энэ бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө юм.  Үндэсний аудитын газрын орлогч дарга өчигдөр хоёр том банк эрсдэлтэй байгаа талаар танилцууллаа. Чухам ямар хоёр банк гэсэн нэрийг дурдаагүй.

Системийн нөлөө бүхий 5 банк энэ салбарын 85 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр манай эдийн засаг банкнаас тэжээгдэж байна гэсэн  үг. Энэ салбар тогтвортой байх хэрээр манай эдийн засаг эрүүл байна.Бид хуулийн хүрээнд банкуудад хяналт шалгалтаа явуулж байна. Банкуудын үйл ажиллагаа хэвийн байна. 

Ялангуяа системийн нөлөө бүхий 5 банкны үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Активын чанарын үнэлгээг 2017 онд 14 банканд хийхэд 500 орчим тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Бид тэдгээр банкуудад хугацаа өгч, банкууд хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлсэн. 

ОУВС-гаас хэрэгжүүлсэн, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн аудитын дүгнэлтэд Өршөөлийн хуулийн дараа ил болсон хөрөнгийг өөрийн хөрөнгөнд тооцохгүй гэсэн юм. Монголбанк үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. КОВИД 19-ийн улмаас аудитын мэргэжилтнүүд манай оронд ирж, газар дээрх хяналт шалгалтыг хийж чадахгүй байгаа тул хяналт шалгалтын  ажил удааширч байна.

ё

Ирэх оны 5 дугаар сард бид Мазаалай бондыг эргүүлэн төлнө. Тэр болтол томоохон дүнтэй, гадаад өр төлбөр байхгүй. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдал үргэлжлэн, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Одоо зээлийн хүү 16 хувь байгаагийн 10 хувь эх үсвэрийн зардал, үлдсэн нь банкны үйл ажиллагаа, өрсөлдөөн, банкуудын төвлөрлийн зардал зэрэг байгаа юм. Иймд эдгээрийн хаана нь ямар арга хэмжээ авбал зээлийн хүү буурах вэ гэдгийг тооцоолсон" гэх  хариулт өглөө. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.7.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.