Эрх баригчид бүх ард түмнээс сонгогдсон  Ерөнхийлөгчийн ХУУЛЬ САНААЧЛАХ эрхэд ХАЛДАЖ эхэллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-21

2020 оны сонгуулиар бүрдсэн шинэ парламентын ээлжит бус чуулган хуралдаж байна. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс ““Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэж үзэн Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд хэсэгчилэн хориг тавиад байгаа билээ.

Энэ үеэр Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Байнга буруу зүйл хийх юм аа. Бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хааж боосон ийм байдлаа хэзээ болих юм бэ хэмээн асуулаа.

Түүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:  Эрх мэдлийн хуваарилалт, засаглалын тогтолцоо эвдэрчихсэн байсныг бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засах гэж хичээсэн. Үе үеийн Ерөнхийлөгч нар Үндсэн хуулийн 33-д заасан бүрэн эрхээсээ гадна нэмээд 44 хуулиар өөртөө нэмэлт бүрэн эрхүүдийг авчихсан байсан. УИХ-ын үндсэн үйл ажиллагаанд оролцож байгаа Засгийн газар, Ерөнхийлөгч хэрхэн оролцвол зохистой юм бэ гэдгийг өөрсдийн зохицуулсан УИХ-ын тухай хуульдаа тусгахгүй юм бол хэн нэгэн хууль санаачлаад байж болохгүй. Хууль санаачлах эрхтэй субъектууд ийм эрхийн хүрээ, хязгаарт хууль санаачлах үүрэгтэй гэдэг зааг ялгааг нь тодорхой болгож өгсөн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах үеэр Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг онцлон ярьж байгаагүй юм билээ. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш өөрийнхөө бүрэн эрхийг нэмэгдүүлсэн хууль нэгийг ч санаачлаагүй гэдгийг тодотгосон юм.  

Харин УИХ-ын цор ганц бие даагч Н.Алтанхуяг гишүүн " Ард түмний сонгосон сонголт, ардчиллад аюул учирч байна. Дураараа хэдэн нөхөд гарч ирээд УИХ, Ерөнхийлөгч тийм ч хууль батлаж, болохгүй гэж байгаа нь Уих-ын хууль санаачлах унаган эрхэд нь халдаж байна. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд яагаад халддаг юм.  Ингэж болохгүй ээ. Төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг юугаарч хааж болохгүй. Ерөнхийлөгч өөрөө зөвшөөрсөн гэж хэлээд сууж байх юм гэлээ. 

Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  бус  хууль санаачлах эрх нь хадгалагдах нь зөв. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн тухайн хуулийг нь автоматаар батлачихдаггүй, УИХ батлах эсэхийг нь шийддэг. Тухайлбал, Цар тахлын тухай хуульд Ерөнхийлөгч чухал саналуудыг  ажлын хэсэгт хүргүүлсэн. УИХ-ын үйл ажиллагаа доголдож, саатсан үед Ерөнхийлөгч хууль санаачилж төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хангаж байсан. Хууль шүүхийн байгууллагуудыг хариуцлагажуулах асуудалд мөн Ерөнхийлөгч хууль санаачилж, өнөөдөр нийгэмд эргэлзээ дагуулсан томоохон хэргүүдийг нэг мөр болгох, хууль  шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд бодитой үр дүнгүүд гарсан. 2012 онд МАН УИХ-д бүлэггүй шахуу байх нөхцөл байдал үүсэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачилж бүлэгтэй болгох нөхцөл байдлыг хангаж байсныг бид санаж байгаа. Тиймээс хууль санаачлах эрхийг  хэвээр үлдээх нь зөв гэсэн зармын саналыг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан онцлов. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.45.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.