Ачлал их дэлгүүрийн арын талбайн газрын зөвшөөрлийг цуцална
Үйл явдал
/
2020-08-22

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал болон нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр Баянгол дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллалаа. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 4, 14, 16 дугаар байрны дунд буюу Ачлал их дэлгүүрийн хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайг хувийн компани авсан асуудлыг иргэд, оршин суугчид шүүмжилж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

 

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайгийн хэлж байгаагаар “Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар төлөвлөгдсөн энэ газар дээр нийслэлийн Засаг даргын захирамжаар 2009-2018 онд гурван нэгж талбайн газрыг олгосон байгаа юм. 2009 онд олгосон газрыг 2015 оны захирамжаар хүчингүй болгосон. Мөн “Булган гэмпил” ХХК-нд олгосон газрыг 2015 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан боловч компани шүүхэд хандаснаар шүүх 2016 онд газрын эрхийг сэргээх шийдвэрийг гаргасан байдаг. Газрын албаны зүгээс газрыг эрхийг нь өөрчилж, тохижилт хийх асуудлыг тухайн эзэмшигч компанид удаа дараа тавьсан. Түүнчлэн гуравдахь хэсэг газрыг “Батган импекс” компани эзэмшдэг бөгөөд уг компани газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр болоод байгаа. Энэхүү талбайн газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газраар бүртгэн авч, хамгаалалтад авна” гэв.

 

НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал “Бид хорооллын орчмын олон газрыг чөлөөлж, нийтийн эзэмшилд авах ажлуудыг хийж байгаа. “Хашаа” арга хэмжээгээр Ахуйн үйлчилгээний ард талын 2000 гаруй метр.кв талбайг чөлөөлсөн. 28 дугаар сургуулийг тойроод гурван хашаа барьчихсан байсныг шийдвэрлэсэн. Хотын дарга өнөөдөр 14 дүгээр хорооны газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаад баярлаж байна. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд газрыг нийтийн эзэмшилд авч, тохижуулах шаардлага бий” хэмээсэн юм.   

 

Баянгол дүүргийн 13 дугаар байрны оршин суугч Ч.Сэлэнгэ “Миний хувьд 13 дугаар байрандаа 30 гаруй жил амьдарч байна. 1985 онд анх нүүж ирэхэд энэ хэсэг “муурын байшин” гэсэн тохижилттой цэвэрхэн талбай байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил талбайн хэсгээс хувийн компанид өгсөн гэх асуудал их гарах боллоо. Хотын дарга иргэдийн үгийг сонсож, газар дээр нь ажиллаж, талбайг нийтийн эзэмшилд хэвээр үлдээнэ гэж хэлж байгаад талархаж байна” гэв.

Баянгол дүүргийн 17 дугаар байрны оршин суугч Б.Хорлоо “Би эндээ 40 гаруй жил амьдарч байна. Тиймээс талбай дээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй байхыг хүсч байна. Хүүхдүүд тоглож, хөгшчүүд нарлаж суух газрыг Хотын дарга хэвээр нь үлдээнэ гэж хэлсэнд баярлаж байна” хэмээв.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.72.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.