УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдөр /2020-08-20/-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслүүдтэй холбогдуулан хэд хэдэн асуудлаар ажил хариуцсан сайд нараас тодрууллаа.
МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн санг хэрхэн байгуулах талаар төсөл хэлэлцэх үед би өөрийн саналаа хэлж байсан юм. Хуримтлалын нэгдсэн санг зөвхөн Нийгмийн даатгалын сан дээр суурилж байгуулна гэвэл хэрэгжих үндэсгүй. Тиймээс Баялгийн сантайгаа уяж өгөх хэрэгтэй гэж. Миний энэ санал Үндсэн чиглэлд ямар байдлаар туссан хийгээд хэрхэн яаж төсөөлж буйг төсөл санаачлагчаас тодрууллаа.
Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг тогтмол өндөр байлгах тал дээр Засгийн газрын барих бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ тун чухал. Энэ жилийн хувьд дийлэнх нутгаар зуншлага оройтсон, өвөл хавар хүндрэх эрсдэл байгаа тул малчид мал, мах борлуулах тал дээр нэлээд анхаарч байгаа юм. Тиймээс махны экспортыг нэмэгдүүлэх замаар малчдын орлогыг өсгөх бодлого хэрэгтэй байгааг хэллээ.
Үндсэн чиглэл болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эртний нийслэл Хархоринг аялал жуулчлалын бүс нутгийн хувьд хөгжүүлэх асуудлыг орхиж болохгүй юм.
БНСУ-ын "Эксим" банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймагт Дулааны цахилгаан станц барихаар болсон. Тэдний нэг нь Өвөрхангай аймагт баригдах учиртай. Гэвч холбогдох яам нь тендер зарлагдсан, хариу ирээгүй байна гэсэн тайлбар хийгээд суугаад би нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс Ковидоор шалтаглалгүй энэ асуудлыг нухацтай хөөцөлдөж, ажил хэрэг болох талаас нь анхаарах шаардлага байгааг хэллээ.
Түүнчлэн Улаанбаатар-Арвайхээрийн замын 60 км-ыг засах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх Азийн хөгжлийн банкны зээлийн хэлэлцээрийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан. Зээлийн эргэн төлөх асуудлыг Засгийн газар хариуцна. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажил урагшлахгүй, яам нь тендерийг нь зарлаагүй байсаар газар шорооны ажил хийх боломжтой цаг хугацаа өнгөрч байгаа юм.
-
9 цаг 21 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин