Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын ажлаа хүлээж аваад удаагүй байгаа Б.Бат-Эрдэнэ ажилдаа шуурхайлан орлоо. Хэрэглэгчдэд хүрч буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарт хяналт тавьж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэглэгжилтийг хангуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Түүний хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Зарагдсан бараа буцаахгүй" гэх агуулга бүхий санамж, анхааруулгыг байрлуулан бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байгаатай холбогдуулан худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад ЗӨВЛӨМЖ хүргүүлжээ.
Уг зөвлөмжийг гаргахдаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч, хэрэглэгчээс бараа ажил үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ.” , 12.5-т “Үйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны шаардлагыг хангасан бараа борлуулах үүрэгтэй. Чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар түүнийг буцаан авч үнийг хэрэглэгчид олгоно” гэсэн хуулийн заалтыг үндэслэжээ.
Тиймээс “Зарагдсан бараа буцаагүй” гэсэн хууль бус санамж, анхааруулгыг байрлуулахгүй байх, хэрэглэгчийн тавьсан гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд шуурхай барагдуулах, НӨАТ-ын баримтыг тухай бүрт нь олгож байх зэрэг асуудлыг анхаарч үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөв. Дээрх зөвлөмжийг баримтлаж, шийдвэрлэхгүй тохиолдолд захиргааны шийтгэл ногдуулах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ.
-
9 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин