Д.Гэрэлмаа: Ковидын эсрэг ЗУРГААН вакцин III-р шатандаа яваа. Монголд хэрэглэхээр бол хүн амын 20 хувьд нь үнэ төлбөргүй хийнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-25

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2020.08.24/ цаг үеийн асуудлаар 10.30 цагт мэдээлэл хийлээ. Энэ үеэр цар тахлын үед олон улсын байгууллагаас авсан зээл тусламж, гадаадаас иргэдээ татан авч буй ажил болон гадаад руу чиглэсэн оюутан, иргэдийн урсгалын талаар, Ногоон гарц түр журмын хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар албаныхан мэдээллээ.

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.ГЭРЭЛМАА:

Гадаад харилцааны яамнаас цар тахлын үед шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Монгол Улсад байгаа НҮБ-ын Суурин зохицуулагчийн албанаас санаачлан бусад олон улсын байгууллагатай хамтран цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар хор хохирол учруулж буй талаар томоохон судалгааг  хийсэн.  Судалгааны үр дүнгээр Монгол Улсад цар тахлын нөлөө маш хүчтэй нөлөөлж байгаа бөгөөд цаашдаа 2-3 жил энэ байдал үргэлжилнэ гэдэг таамаглалыг дэвшүүлж байгаа. Мөн ДНБ-ий 24 хувийг эзэлдэг уул уурхайн  салбарын өсөлт 30 хувиар буурсан нь эдийн засгийг 10.7 хувиар буурахад нөлөөлжээ гэж дүгнэсэн. Цар тахлын нөхцөл байдалд гурав болон түүнээс дээш хүүхэдтэй айл өрх, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөн тооны малтай малчин өрх, ахмад настнууд илүүтэй өртөж байна.  ДЭМБ-аас өгсөн мэдээллээр наймдугаар сарын 20-ны байдлаар туршилтын өмнөх шатандаа явж байгаа 139 вакцин, туршилтын шатандаа явж байгаа 30 орчим вакцин байна. Туршилтын шатандаа байгаа 30 вакцины гурав нь хоёрдугаар шатандаа яваа юм. Зургаан вакцин гуравдугаар шатандаа явж байна. Эдгээрийн гурав нь БНХАУ-ын вакцин, хоёр нь Их Британи, нэг нь АНУ-ын вакцин юм. Гуравдугаар шат бол хамгийн  хүндрэлтэй байдаг гэдгийг дэлхийн улс орнууд мэдээлж байгаа. Вакцин гарсан тохиолдолд хамгийн түрүүнд Монголдоо авахаар салбар яамнаас ажиллаж байна. Вакцин гарсан тохиолдолд зөвхөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хэрэглэнэ. Бид бүх түвшинд хамтран, харилцан ажиллаж байгаа. ДЭМБ, Олон улсын вакцины холбооноос гаргасан санаачилгад Монгол Улс нэгдсэн бөгөөд вакцин гарсан тохиолдолд эхний ээлжинд вакцинд хамруулна. Хэрэв вакцин гараад Монголд хэрэглэхээр бол хүн амын 20 хувьд нь үнэ төлбөргүй хийнэ. Одоогоор ДЭМБ-ын мэдээллээр нэг ч улсын вакцин туршилтын шатаа давж, үйлдвэрлэгдэж эхлээгүй байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган есдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлнэ. Ирэх есдүгээр сарын сүүлчээр АНУ-ын Нью-Иорк хотноо дэлхийн улс орны тэргүүнүүд уулзаж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар ярилцсан. Энэ жил цар тахлын улмаас томоохон чуулга уулзалтыг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өндөр дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож, үг хэлэхээр төлөвлөж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.249.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.