Манай улсын нутаг дэвсгэрийн 6.7 хувийг ой мод эзэлдэг гэсэн судалгааг 2006 оны нэгдүгээр сард БОАЖ-ны харьяа Ой, усны хайгуул судалгааны төвөөс гаргаж байжээ. Хамгийн сүүлд Газар зохион байгуулалт Геодези, зураг зүйн газрын 2018 оны судалгаагаар ойн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувийг эзэлж байна. Харин огтолсон, үржүүлсэн, тэлэн ургасан модны нөөц 5.7 хувийг эзэлжээ. Судалгааны үр дүнгээс харахад 12 жилийн турш ойн сан тасралтгүй нэмэгдсэн нь харагдаж байна. Энэ нь олон жилийн турш байгалийн нөхөн сэргээлт, ойг гал түймэр, хулгайгаар мод бэлтгэгчид, хортон шавьж, байгалийн бусад хүчин зүйлээс маш сайн хамгаалж ажилласны үр дүн болов уу.
Харин сүүлийн үед хулгайгаар нойтон мод бэлтгэх ажил жилийн дөрвөн улирал цэцэглэж “Сөгнөгөрийн ам” сүйрэлд хүрлээ гэх мэдээлэл олны сонорыг мялааж, уур бухимдлыг хүргэв. Энэхүү асуудал нийгэмд олон жил мартагдсан модны хулгайн асуудлыг дахин хөндөв. Энэ асуудалд хүн бүр өөрсдийн байр суурийг илэрхийлж, 21 аймгийн нутаг дэвсгэр дээр явагддаг модны наймаа, эрх мэдрэлтүүдийн ханцуйн дотроо наймаалдаг бизнес болгож хувиргалаа. Уг нь ой цэвэрлэх зориулалтаар мод бэлтгэх зөвшөөрлийг жил бүр БОАЖ-ын яамнаас иргэдэд олгодог билээ. Харин хэн, хэрхэн, яаж, ямар шалтгаанаар ойг цэвэрлэж, мод бэлтгэснийхээ төлөө “Нойтон модны хулгайч” гэж гүжирдүүлэх болсон шалтгааныг ойлгуулахыг хичээв.
Ойн цэвэрлэгээ хийж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, шалгалт хийв
Сөгнөгөрийн сүрлэг уулсын оройд хэн хүссэн нь гарах боломжгүй. Учир нь хяналт, шалгалтын албаныхны машинд амжиж суусан надад амаргүй даваа байлаа. Төв аймгийн Батсүмбэр сумын “Цэцэгт нуга” амралтын газраас өглөөний 04:00 цагт “Зил-31” машины тэвшин дээрээс сэтгүүлчийн ажиглалт,тандалт эхлэв. Хуучны байлдааны зориулалтаар ашиглагддаг байсан энэ унаа холын бартаат замд ямар ч саадыг давна. Харанхуйд гуу жалга уруудан, бургас мөчирт ороолгон, хад чулуун дээгүүр харайлгаж давхисаар үүр хаяарахад нэг группийн 20-оод гишүүн машинаас буулаа. Тэнд экологийн цагдаагийн албаныхан, хулгайн мод бэлтгэхтэй тэмцэх хэлтэс, сум дундын ойн хянагч, байцаагчид болон мод бэлтгэгч аж ахуй нэгжийн төлөөллүүд байв. Тэд нойтон мод бэлтгэсэн үү, зориулалтын мод бэлтгэх ёстой цэгт ажилласан гэдгээ шалгуулахаар ирсэн байв. Машинаас буухад “Ойн цэвэрлэгээ” гэсэн логотой “Зил-31” машины тэвшийг битүү болгон, өндөрлөж зөөвөрлөхөд бэлэн болгосон байлаа. Цаашлаад уулнаас цагаалсан моднууд машины харалдаа өнхөрч харагдана. Тэдгээр моднууд бүгд шинэхэн, нойтон моднууд шиг харагдсанд нүдэндээ итгэлгүй, хөрөөдсөн талын хэрчмийг гараагаа тэмтрэхэд нойтон байв. Зарчмын хувьд энд нойтон мод байх ёсгүй гэж бодсоор орчныг ажиглаж байтал удирдлагын үүрэг ирсэн бололтой экологийн цагдаагийн албаныхан уулын амууд руу тал, тал тийшээ тараад явчихлаа. Үндсэндээ хяналт шалгалтын ажил эндээс эхлэв бололтой. Энэ талаар Ой судалгаа хөгжлийн төвийн хууль бус мод ббэлтгэхтэй тэмцэх тасгийн мэргэжилтэн Б.Батбаатар “Батсүмбэр сум 2020 онд 16640 метр куб мод бэлтгэх хуваарь авсан байна. Үүнд үйлдвэрлэл, арчилгааны огтлолт явуулаагүй. Сөгнөгөрийн аманд 4 газарт 3 компани 42га талбайг тусгаарлуулан ажиллаж байна. Энэ талбайгаас цэвэрлэгээний огтлолоор мод бэлтгэж байгаа юм байна. 6 сарын 11-нд ой нээж аж ахуй нэгжүүд талбайгаа тусгаарлуулж, ажилдаа гарсан. 2020 оны модны хуваарыг сумын иргэдийн хурал ойн менежмэнтийг үндэслэж 16640 куб мод бэлтгэх хүсэлтийг аймгийн ИТХ-д хүргүүлж, цаашлаад байгаль орчны сайд баталдаг. Эдгээр ААН-үүд батлагдсан хуваарийн дагуу модыг бэлтгэх ёстой. Тэд босоо хуурай, унанга моднуудыг огтолж, түүх үүрэгтэй. Сөгнөгөрийн аманд “Сод ногоон төгөл”, “Мань-Уул, “Титэм ой” гэсэн компаниуд дөрвөн газарт тусгаарлалт хийн ажиллаж байна. Эдгээрийн үйл ажиллагаанд, сум дундын ой анги, Экологийн цагдаа, ойн судалгаа хөжглийн төв болон холбогдох компанийн инженерүүдтэй ажиллаж байна. Энд босоо нойтон амьдрах чадвартай мод огтолсон байх ёсгүй. Зориулалтын талбайгаас өөр газарт амьдрах чадвартай нойтон мод бэлдсэн асуудал гарвал ажил гүйцэтгэгч компаниуд хариуцлага хүлээх ёстой. Бид эндээс үзлэг шалгалтаа эхэлж байна” хэмээлээ.
Хатсан хуурай модыг тайрахад нойтон байх нь байгалийн жам
Бидний эргэн тойронд уулнаас цагаалж бэлтгэсэн нойтон моднуудаас гадна хөө тортгонд даруулж хуучиран үндсээрээ ил гарч, хугарч өвчилсөн мод маш их байлаа. Бидний бодлоор цэвэрлэгээний мод бэлтгэх гэдэг нь модны унаж, хугарсан мөчрийг л түүх бэлтгэх ёстой мэт бууж байв. Гэтэл ойн цэвэрлэгээ хийхэд цэвэрлэгээний огтлол хийх зайлшгүй шаардлагатай байдаг аж. Учир нь хүний болон байгалийн хүчин зүйлүүдээс болж мод өвчилж, хүчил төрөгч ялгаруулах боломжгүй болдог байна. Энэ үед модонд хуурайшилт явагдаж нүцгэрч эхэлдэг. Модны дээд хэсэг навчгүй, өвөл цагийн модыг санагдуулам хоосон болсныг модны доройтол гэж нэрлэдэг. Уг нь ногоон ургамал, ой мод ид нахиалж ургах цаг нь дуусаагүй байлтай. Харин есдүгээр сарын дунд үеэс модод байгалийн жамаараа навчаа гөвж, ногоон дээлээ тайлж эхэлдэг билээ. Гэтэл байгалийн зүй тогтол алдагдаж, гал түймэр, хортон шавж, агаарын бохирдлын улмаас өөрчлөгдөхөд хүрч, модны ургах чадвар сөргөөр нөлөөлж навч нь хагдрах цагаасаа эрт унаж, орой хэсгээрээ нүцгэрэх болжээ. Титэм нь гэмтэж, орой хэсгээрээ нүцгэрсэн моддыг зайлшгүй цэвэрлэгээний журмаар огтолж байх ёстой аж. Учир нь нэгэнт байгалийн жамаар хорхой шавьжид идэгдэж, хуурайшсан мод түймэр дэгдээх, шинэ мод ургахад саад болдог байна. Мөн эдгээр мод түймэрт өртвөл цаас шиг шатаж, түймрийн хор хөнөөлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр ойд хамгийн хэрэггүй мод бол байгалийн жамаараа өвчилсөн мод юм. Тэгэхээр эдгээр модыг цэвэрлэгээний зориулалтаар огтолж, түүж бэлтгэх нь өвчилсөн ойг эмчилж буй үйл ажиллагаа хэмээн ойлгох хэрэгтэй. Түүнчлэн өвчилсөн 10 метрээс дээш модыг тайрч, хоёр метрийн хэмжээтэй огтлоход 5 хэрчим мод бэлтгэгдэнэ. Тэдгээр модны эхний 2 метр нь ихэвчлэн нойтон байдаг. Учир нь босоо моддын орой хэсэг нүцгэрсэн ч үндсээрээ усны сувагтай холбогдсон байдаг учраас тодорхой чийгийг солилцдог байна. Тэгэхээр зөвхөн шинэ залуу мод нойтон гэдэг ойлголт нь өрөөсгөл юм. Үндсээрээ булгарч унаагүй л бол огтлол хийгдсэн хожуул хүртэл нойтон байдаг жамтай. Мөн огтлол хийгдсэн модыг өвчилсөн мод мөн эсэхийг шалгах олон арга байдаг. Тэдний нэг нь өвчилсөн модны холтос модны их биеэс хөндийрсөн байдаг учраас амархан ховхорч унадаг байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг урт замын турш Батсүмбэр сум дунд ангийн ойн инженер Ч.Батбаяр энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өвчилсөн модны шинж тэмдгүүдийг нэрлэж, замын турш бодит жишээнүүдийг харьцуулан үзүүлж явлаа.
Байгаль хамгаалагчийн хяналтан дор мод бэлтгэдэг
Бид цааш явсаар Сөгнөгөрийн гацааны ар гэдэг аманд ирлээ. Энд “Мань-Уул” ХХК мэд бэлтгэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ. Энэ ам 2010 онд хоёр ч удаа түймэрт автаж, аюулд өртөж байжээ. Тухайн үед мэргэжлийн байгууллага түймрийг унтраахад хүч нь хүрээгүй, харин байгаль эх өөрөө түймрийг унтрааж байжээ. Гашуун түүхтэй энэ ой өнөөдрийг хүртэл бүрэн нөхөн төлжиж чадаагүй байгаа нь хуучин моддын хөө тортог, өвчилсөн моддын сийрэгжилтээс ажиглагдана. Мод бэлтгэж буй талбайгаа шалгуулахаар ирсэн “Мань-Уул” ХХК-ий ойн инженер Б. Дэжидгүчин “Манайх 2020 онд ИТХ болон засаг даргын баталсан захирамжаар 1960м куб мод бэлтгэх хуваарьтай энэ талбайд ажиллаж байна. Бид ойн цэвэрлэгээний ажил хийж байгаа. Мод бэлтгэлийн ажил 70-80 хувьтай явагдаж байна. Олон нийтийн дунд “Сөгнөгөрийн ойгоос нойтон мод бэлтгэдэг” гэх ташаа мэдээлэл тархсан учраас мэргэжлийн байгууллагын хүмүүст талбайгаа танилцуулж байна. Ойн цэвэрлэгээний ажил босоо хуурай, унанга модыг цэвэрлэх үндсэн үүрэгтэй. Бид нойтон мод нэг ширхгийг ч унагаах ёсгүй. Нойтон мод унагааж өөрийгөө болон өрөөл бусдыг хэрэгт оруулах иргэн, байгууллага гэж байхгүй. Сүүлийн үед хүмүүсийн ухамсар нэмэгдэж нойтон мод огтолж бэлтгэхээ больсон шүү дээ” гэж ярив.
Түүний яриаг сонсоод нутгийн иргэд жилийн дөрвөн улиралд “Зил-31” машинаар өдөр бүр мод зөөдөг талаар мэдээлсэн байсан. Танайх цэвэрлэгээний журмаар өдөрт хэчнээн машин мод бэлтгэдэг талаар тодруулав. Ойн инженерийн инээд нь хүрсэн бололтой “ Манайд хоёр Зил-31 машинтай. Энэ шавар шавхай болсон ойгоос өдөр бүр нэг машин мод бэлтгэх ямар ч боломжгүй. Та нар өөрсдөө энэ хол замыг туулж үзлээ. Замын бартаа, саад ихтэй. Тэр тусмаа шавар, намаг ихтэй энэ үед мод бэлтгэх тун хэцүү. Мод бэлтгэлийн ажил газар хөлдсөн үед явагдах ёстой юм” гэдэг тайлбарыг өгөв. Түүнээс экологийн цагдаагийн албаныхан хяналт, шалгалт хийхээр явлаа. Танд ямар нэгэн асуудал байхгүй биз дээ хэмээн бусдын хөлөөс холдож асуухад. Тэрбээр “Манайх байгаль хамгаалагчийн бэлтгэхийг зөвшөөрсөн цэгээс л мод бэлтгэсэн. Айгаад байх юм байхгүй. Хэрвээ үнэхээр нойтон мод унагасан байвал мэргэжлийн хүмүүс нь шалгаж тогтоох байлгүй дээ. Хүмүүс өдөр бүр гэрээ цэвэрлэдэг шиг бид ойг цэвэрлэдэг хүмүүс шүү дээ” хэмээн хариулаад цааш яваад өгөв.
Ойн цэвэрлэгээг эсэргүүцвэл ойн нөөц хомстох эрсдэлтэйг ухаарцгаая
Ойн цэвэрлэгээ нэрийдлээр хулгайн мод бэлтгэгчдийг өөгшүүллээ гэх шүүмжлэлийн цаана ойгоос хэн ч мод бэлтгэх ёсгүй гэдэг агуулга хөндөгдөнө. Та бүхэн ойн цэвэрлэгээний ажлыг хоригловол байгаль өөрөө, өөрийгөө сүйтгэх аюултайг ойлгосон байх. Харин цэвэрлэгээний ажил нэрийн дор хууль бус мод бэлтгэлийг нуух гэж оролдвол зохих хариуцлагыг мэргэжлийн байгууллага ямар ч иргэн аж ахуй нэгжид хүлээлгэх ёстой. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэр Сөгнөгөрийн аманд хууль бусаар нойтон мод бэлтгээгүй гэдгийг сум дундын ойн анги, мод бэлтгэж буй компаниуд мэдэгдэж байна. Харин мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын хариу хэрхэн гарахыг хүлээх үлдлээ. Хүний буруутай үйл ажиллагаа, агаарын бохирдолд өртөж өвчилсөн ой хээрийн судалгаанд Төв аймгийн Батсүмбэр сумын ойн модны 20 хувь гэмтсэн гэдэг үзүүлэлттэй гарчээ. Энэ нь өндөр үзүүлэлт мэт боловч Нүхтийн амны доройтол 46, Жаргалантын амны 56 хувьтай харьцуулахад харьцангуй бага юм.
-
9 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин