Соёл урлагийн салбарын удирдах ажилтны уулзалт болж байна
Үйл явдал
/
2020-08-26

Аймгийн соёл урлагийн мэргэжлийн байгууллагуудыг бие даан хөгжих чадамжтай болгох, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, үр ашгийг өсгөх, соёл урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийг 2021 оныг дуустал хэрэгжүүлнэ.  2020.08.24 аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох агентлагийн удирдлагууд сумдын Соёлын төвийн эрхлэгч нартай ажил хэргийн уулзалтыг зохион явуулж байна.

Энэхүү уулзалтаар дээрх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн болон улс, аймгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын мэдээллийг танилцуулж, сумдын соёлын байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгахаар хэлэлцэж байна.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Дорнод аймаг “Соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Алтаргана”, “Баргажин”, “Алтан дөрөө” зэрэг олон улсын шинж чанартай эвент арга хэмжээг зохион байгуулан оролцсон бол, мартагдах шахсан соёлын биет бус өвийг сэргээх “Үл бүдэгрэх их өв” төслийг хэрэгжүүлснээр сум бүрт морь, бөх цоллооч, ерөөлч магтаалчтай болж, “Эх хэлээ дээдлье”, “Үндэсний бичиг үгийн баяр” зэрэг олон төсөл ажлыг үр дүнтэй явуулж байна.

Мөн соёлын салбарын хөгжлийг дэмжих, соёл урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, чанарыг сайжруулах нь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжилд ч бодитой түлхэц болж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа.

Уулзалтын үеэр соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд соёл, урлагийн салбарын тулгамдсан асуудал хийгээд салбарын уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэн ажиллаж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн бол аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ удаагийн уулзалтаас гарсан санал санаачлагыг шинээр байгуулагдсан Соёлын яамны бодлого, төлөвлөгөөнд тусгуулахаар төлөвлөж байгаагаа тэмдэглэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.