БАРИМТ: Г.Алтангийн шунал "Дархан энерго"-г 4 тэрбумаар хохироожээ
Үйл явдал
/
2020-08-27

Цагтаа монголын цуутай  хүүхнүүдийн нэгээр нэрлэгдэж  явсан бизнес хатагтай Г.Алтан  Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж Монгол Улсын Засгийн газрыг өрөнд унагасан хэрэгт буруутгагдаж буй  “Жаст”-ын Ш.Батхүүгийн хамт шүүгдэгчийн сандалд  сууж  байгаа.

“Ш.Батхүүд  мөнгө зээлүүлж тусалсан байхад би яагаад буруутдаг юм” хэмээн даналзах ч  үнэн хэрэгтээ “Олон овоот”-оос алт ухаж, ашгаа хэд нугалах  шуналаасаа болж яллагдагч болчихоод байгаа нэгэн. Цэвэр шударга хөдөлмөрөөр бизнесээ босгосон гэж ярьдаг тэрээр алтанд шунаж, “Олон овоот”-ыг  Ш.Батхүүтэй хамтран ухахаар сэм бэлтгэж  явсныг  нотлох нэгэн баримт дэлгэе. 

“Дархан энерго” компанийн  ажлын хөлсийг өгөлгүй 8 жилийн нүүр үзэж байна 

Г.Алтангийн энэ хууль бус үйлдэл Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд  тавьж удаа дараа мөнгө зээлж байсан үетэй цаг хугацааны хувьд давхцдаг. Тодруулбал Г.Алтангийн  “Рашаан худаг” ХХК  “Дархан энерго” ХХК-тай 2012 оны 5-р сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал овоо сумын нутагт байрлах Олон овоот уурхайн цахилгаан хангамжийн 93.6 км газарт 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 01 тоот гэрээг үзэглэжээ. 

Энэхүү гэрээгээ р гүйцэтгэгч "Дархан энерго" компани Даланзадгадын ДЦС-ийн 35 квт-ын ил хуваарилах байгууламжаас Олон овоотын үйлдвэр хүртэлх агаарын шугам татах ажлыг гүйцэтгэж ажлын хөлсөнд 4 тэрбум 906 сая төгрөг авахаар тусгасан  байна.

Ингээд  "Дархан энерго"  компани 2013 оны 7-р сард ажлаа бүрэн дуусган,  техникийн  үзлэг  хийж акт үйлдэн, 12-р сарын 10-ны өдөр дахин техникийн хяналтын комиссыг ажиллуулж, шугамд орсон материалыг нэг бүрчлэн үзэж, протокол, акт үйлдэн хүлээлгэж өгчээ. Энэ үйл ажиллагаанд  Г.Алтангийн “Рашаан  худаг” компани,  зургийн компани, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд бүгд байлцсан  аж. Гэрээгээр ажлыг 2012 оны 12-р сард дуусгах ёстой байсан ч Г.Алтан  төлбөрөө  төлөхгүй явснаас  хугацаа хоцроход хүрсэн байна. Төлбөрийн асуудал яригдах бүрт Г.Алтан  “Та нар ажлаа хийчих, бид нар төлбөрөө удахгүй төлнө”  гэх тайлбар хэлж байсан ч өнөөдрийг хүртэл Дархан энерго компанийн үлдэгдэл төлбөр, алдангийг төлөлгүй луу унжиж явна. 

Г.Алтанд итгэсэн Дархан энерго компанийнхэн   ажлаа дуусгахын тулд Голомт банк, “Баялаг арал” ХХК, “Ганбүрэн” ХХК-иудаас их хэмжээний зээл авчээ. Тэрч байтугай захирал Д.Мягмар нь тэтгэврийн зээл хүртэл авч байж ажлаа дуусгасан  байна.

Харамсалтай нь Г.Алтан ажлаа гүйцэтгүүлчихээд төлбөрийнхөө 50 хувийг барагдуулалгүй, компанийг их хэмжээний алдагдалд оруулсан учир арга буюу  шүүхэд хандсан байна.  Ингээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 10-р сарын 14-ний өдөр гарч Г.Алтанг  гэрээний үүргийн үлдэгдэл 2 тэрбум 878 сая төгрөг, төлбөр төлөлгүй хугацаа хэтэрсэн  1156 хоногийн алданги  1 тэрбум 439 сая төгрөг, нийт 4 тэрбум 318 сая 325 мянга 800 төгрөгийг  “Дархан энерго” компанид гаргаж өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.213.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.