С.Амарсайхан: Дүүжин такси, соронзон галт тэрэг явуулах ТЭЗҮ дууссан. Одоо ажил болгох л үлдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-27

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн заалт бүрийг хэлэлцэж байна.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан асуулт асуусан  юм.

УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН:

-Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, замын ачааллыг сааруулахын тулд иргэдэд олон төрөлт нийтийн тээврийг санал болгох томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Тухайлбал, хүүхдийн автобус, жуулчдын автобус гэх мэт салбар салбарын нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг иргэдэд олгож байгаа. Мөн шинэ төрлийн нийтийн тээврийн төслүүд эхэлсэн. Баян хошуу-хороолол чиглэлийн, Дамбадаржаа-Долоон буудал, Чингэлтэй чиглэл рүү  нийтийн тээврийн дүүжин такси мөн соронзон галт тэргийн төслийн ТЭЗҮ нь хийгдээд дууссан. Гэтэл энэ бүхэнд Татварын тухай хууль яригдаж байгаа. Эхнээсээ цахилгаан автобуснууд ороод ирсэн. Өдөрт 370 мянган төгрөгөөр шатахуун хийж бүтэн өдрийн маршрутаар явдаг автобусыг өдрийн 30 мянган төгрөгөөр цэнэглэж хоёр өдөр явдаг. Өөрөөр хэлбэл, 640 мянган төгрөгийн зардлыг бид хэмнэж байна гэсэн үг. Цахилгаан автобуснууд түрүүчээсээ туршилтаар явж байна. Энэ жил 100 гаруй цахилгаан автобус орж ирнэ. Татвараас цахилгаан автобусыг хөнгөлөх асуудал ямар түвшинд байна вэ. Энэ тал дээр ойрын хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай байна. Үүнийг шийдчихвэл хөрөнгө оруулалтын зардал буурах эргээд өгөөжөөсөө ашиг олох боломж бүрдэнэ. Нийтийн тээврийн татаас ч гэсэн буурна. Жилд нийтийн тээвэрт 140 тэрбум төгрөгийн татаас өгдөг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.85.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.