БАРИМТ: Өвөр монголд хятад хэлийг ЭХ ХЭЛ болгон зааж, сургалтын ахицыг ӨДӨР БҮР тайлагнана
Үйл явдал
/
2020-08-28

МӨЗО-ы Түнляао хотын бага, дунд сургуульд энэ намраас эхлэн хятад хэлээр хичээллэж эхэлнэ гэх утгатай мэдээлэл түгээд багагүй хугацаа өнгөрч байна. Мэдээлэл өвөр монголчуудын дунд аман байдлаар, мөн “WeChat” сүлжээгээр тархсан гэгддэг. Харин сүүлийн үед нотлох баримт, албан тоот бичиг байхгүй гэх үүднээс эл сэдэв орхигдох, дарагдахад ойртож ирээд буй.

Өөрөөр хэлбэл өвөрлөгчид “тэгнэ” гэдгийг мэдэж, жагсаал эсэргүүцэл хийсээр байсан боловч тамга дарагдсан Засгийн газрын албан бичиг байхгүй байгаа нь асуудлыг бүдгэрүүлж байв.

Тэгвэл, наймдугаар сарын 16 ба 17-ны өдөр, ӨМӨЗО-ны Сурган хүмүүжлийн тэнхимийн албан бичгүүдэд энэ шийдвэр тусжээ. Асуудал зургадугаар сараас эхлэн яригдаж эхэлсэн гэхээр тухайн үед сураг, ажиг төдий байсан Засгийн газрын шийдвэр ийн хэдхэн хоногийн өмнө албажсан гэхэд болохоор байна.

“ХЯТАД ХЭЛ”-ИЙГ “ХЯТАД ХЭЛ БИЧИГ” БОЛГОН ӨӨРЧИЛЖЭЭ

Наймдугаар сарын 16-ны албан бичигт, энэ хичээлийн жилээс эхлэн нэгдүгээр болон долдугаар ангийн сурагчдад хятад “хэл бичиг”-ийн хичээл орно гэж заажээ. Энд тайлбар хийхэд, өвөр монголчуудын хувьд “хэл бичиг” гэдэг нь нэр томьёоны хувьд “эх хэл”, “үндэсний хэл” гэсэн утгыг илэрхийлдэг. Харин зүгээр “хэл” гэвэл, хоёрдогч хэл гэх утгыг заадаг гэдгийг өвөрлөгчид хэлж байна.

Албан бичигт, “Монгол хэлийг хоёрдогч хэл болгож, хятад хэлийг эх хэл болгон заана” гэсэн утгыг шууд илэрхийлээгүй. Харин “хятад ХЭЛ БИЧИГ” хэмээн дурдсан нь нэр томьёон дээр тоглолт хийж, “хятад ЭХ ХЭЛ” гэх утга илэрхийлсэн хэлбэр гэж ойлгогдох аж. Учир нь урьд нь монгол хэлийг “хэл бичиг” хэмээн томьёолдог байжээ. Иймд,

  • “Монгол хэл бичиг”-ийг “монгол хэл” буюу “үндэстний хэл”
  • “Хятад хэл”-ийг “хятад хэл бичиг” болгон өөрчилжээ.

Дээрх өөрчлөлт агуулгын хувьд өвөр монголчуудын анхаарлыг шууд татаж буй. Өөрөөр хэлбэл хятад хэлийг “эх хэл” болгон зааж эхлэх нөхцөл албан бичиг дэх нэр томьёоны хувьд үүсжээ.

Албан бичгийн орчуулга:

ӨМӨЗО-ны сурган хүмүүжлийн танхимын бичиг материал

‘Бүх орны үндэстний хэлээр хичээл орж байгаа бага сургуулийн нэгдүгээр анги болон дунд сургуулийн нэгдүгээр ангид (долдугаар анги) бүх улсын нэгтгэлтэй найруулсан “хэл бичиг” (хятад хэл) заах материалыг хэрэгжүүлэх төсвийн мэдэгдлийг тараах тухай.

Өөртөө засах орны намын хороо, засгийн ордны зөвшөөрлөөр, одоо бүх орны үндэстний хэлээр хичээл орж байгаа бага сургуулийн нэгдүгээр анги болон дунд сургуулийн нэгдүгээр ангид (долдугаар анги) бүх улсын нэгтгэлтэй найруулсан “хэл бичиг” (хятад хэл) заах материалыг хэрэгжүүлэх төсвийг та бүхэнд тарааж байна. Хянамгай туушид хэрэгжүүлсүгэй.

ӨМӨЗО-ны сурган хүмүүжүүлийн танхим

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.235.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.