Г.Бадамцэцэг: "Ерөнхий сайд У.Хүрэлсүхээ таныг цаг аваад ороод ир гэж хэлсэнээс хойш нэг жил өнгөрөөд байна"
Үйл явдал
/
2020-09-03
“Уучлал ба Хариуцлага Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Үндэсний Холбоо”ТББ Тэргүүн, МУСТА дуучин Г.Бадамцэцэг өөөрийн цахим хуудсандаа Ерөнхий сайд У. Хүхэлсүхэд хандан захидал бичжээ.
2019 оны 4-р сарын 27 нд төрийн ордонд тавьж байсан илтгэл бүрэн эхээрээ...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд дахин нэг хаяглаж байгааг хүлээн авна уу. Уулзалтын цаг аваад ороод ирээрэй гэснээс хойш цаг авч чадахгүй даруй 1 жил 5 сар болжээ.
 
МУСТА дуучин Ганбаатарын Бадамцэцэг.
Хуран цугласан та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.Миний бие одоогоос 25 жилийн өмнө авто осолд өртөж бүсэлхийнээс доош мэдээгүй болж Хөгжлийн бэрхшээлтэй болсон Монгол улсын иргэн юм.Тодруулж хэлбэл согтуу жолоочийн буруугаас ийм байдалд хүрсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг энгийн ойлголтоор ердийн хүний хийдэг зүйлсыг хийхэд туйлын бэрхшээлтэй учирдаг. Наад цахын жишээ хэлэхэд дэгэж дэрвэж яваа бяцхан охин ирээдүйгээ өөдрөг сайн сайхнаар төсөөлж ид цэцэглэж явахад хэн нэгэн хариуцлаггүй этгээдийн буруугаас нэгхэн секундэд түүний ирээдүй орвонгоороо эргэх,
Зүгээр л ажлаа тараад гэр лүүгээ харьж явсан өрх гэрийн эзэн, хөөрхөн хүүхдүүдийн аав зам хөндлөн гарч яваад дайруулж амь насаа алдах, автобус хүлээгээд зогсож байсан охид нэгхэн секундэд амь насаа алдах
Хөдөө замд автомашин жолоодож яваад \шулуун замд шүү\ осолд орох, шалтгаан нь ядарсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон, үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхлээр зүгээр л алхаад,амьдраад явж болох байсан олон мянган хүүхдүүд, аавууд, ээжүүдийн өмнөөс хэлж байна. Нэг хүний хариуцлага алдахад маш олон хүн эрсдэлд орж байна.Тэгэхээр тэр нэг хүнд хариуцлагыг нь өндөржүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.Энэ нь тун сайшаалтай хэрэг.
Гэвч Хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ дэндүү дутмаг байгаа нь харамсалтай. Статиск судалгаагаар олон тоо баримт гардаг та бүхэн мэдээллийн хэрэгсэлүүдээр харж байгаа байх. Дэндүү эмзэглэмээр харамсамаар олон олон хэргүүд гарсаар л байна.
Замын хөдөлгөөнд оролцохдоо архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол насан туршид нь автомашин жолоодох эрхийг нь хасдаг болох хэрэгтэй. Хүн төрсөн цагаасаа эхлээд амьд явах, аз жаргалтай амьдрах эрхтэй гэж би боддог.
Олон хүн бурхан хүнийг бүтээсэн гэж үздэг.Бурхан намайг хөгжлийн бэрхшээлтэй болгох хүсэлтэй байсан, эсвэл ийм байдалд хүрэхийг зөвшөөрсөн гэвэл би итгэхгүй ээ .Харин зүгээр л архи согтууруулах ундаа хэргэлсэн үедээ самбаачлах хурд алдагддсан, орчноо мэдэрч чадах чадвараа алдсан, ур чадвар, хариуцлагаа умартсан нэгэн ийм байдалд хүргэсэн. Энэ бол бурхан чөтгөр хоёр ямар ч хамаагүй зөвхөн хүний хийж байгаа үйлдэл гэдгийг харуулж байна. Яагаад гэвэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тэр замын хөдөлгөөнд оролцож болно гэж бодсон.
Учир нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлэгдэг хуулийн хариуцлага дэндүү сул, тухайн жолооч нь хуулийн хариуцлагаас айхгүй байх боломжтойд байгаа юм.
Хэрвээ Монгол улсад хариуцлагын механизм чанга байсан бол би одоо та бүхэнтэй тэргэнцэртэй Хөгжлийн бэрхшээлтэй нэгэн биш та бүхнийг хүндлээд зогсож байгаад ярилцах байсан юм. Мөн олон олон хүн одоо амьд сэрүүн аз жаргалтай амьдарч байх байсан биз. Хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг дэндүү харамсалтай гашуун амьдрал.
Энгийн хүний өглөө жирийн байдалтай эхлэж цааш өрнөдөг байх...
Харин ХБХүний өглөө цай хэн чанаж өгөх бол аяга арай хол байна би яаж тэрнийг авах вэ, Хол байгаа юм бүхэнд хүрэх аргагүй яая даа гэх бодлуудаас эхлэнэ.Эрүүл хүнд энэ бүхэн хэдхэн минутад шийдэгддэг.
Тэргэнцэртэй хүний бэрхшээл цээжээр сунаад гарын үзүүр үл хүрэх тэр мөчөөс л эхэлж янз бүрийн хүний төрөл бүрийн харьцааг даах сэтгэлийн хат суух зэргээр төлөвшиж цаашид амьдралаа залгуулах их дайнд орж байна гэж хэлэхэд нэг их буруудахгүй боловуу.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнийг асран халамжлагч гэж хүний нийгмийн асуудал бүр орхигдсон.Монгол улс “асран халамжлагч”ийн нийгмийн байр суурийг урамшуулах маягаар авч үзэж дэмжиж ирсэн нь туйлын учир дутагдалтай билээ. Гэтэл бодит байдал дээр маш олон иргэн ХБХүүхэдтэй, насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 24 цагаар асран халамжилж байна.Өрх гэрт хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн байхад л тухайн өрхийн амьжиргаа шууд доошлох жишээтэй.
Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран халамжилж байгаа иргэнд 64000т өгөх жишээтэй.Гэтэл бодит амьдрал дээр тухайн асран халамжлагч нь ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ, насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ24 цагаар харж ханддаг. Хөгжлийн бэрхшээлийн хүнд, хөнгөн, бүр хүнд зэргээс шалтаалж асран халамжлагчтай нь хамтад нь бодлогоор дэмжих хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна.
Шууд утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран халамжлагч гэдэг нь хөдөлмөр эрхлэж байгаа иргэн гэж авч үзэж холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бодож байна.
ХБИ нд хандах хандалага туйлын чухал байдагыг та бүхэн сайн мэдэх байх харин Монгол улсын маань хууль дүрэм хэрхэн ханддаг бол ? хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, нэмэгдэж байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ үнийн өсөлтийг гүйцэхгүй, олширч байгаа олон төрлийн үйлчилгээ нь эзэндээ хүрэхгүй, иргэд нь хууль эрх зүйн болон үйлчилгээний талаар мэдлэг, мэдээлэл хомс зэрэг олон шалтгааны улмаас ХБИргэдийн хэрэгцээ бүрэн хангагдахгүй, эрх нь зөрчигдсөөр байна.
Төгсгөлд нь хэлэхэд авто зам дээр үйлдэгддэг хэргүүдийн дийлэнх хувийг согтуугаар зам тээврийн хөдөлгөөнд оролцсон иргэд эзэлдэг.Согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хэн нэгнийг хөгжлийн бэрхшээлтэй болгоно нэг бол хэн нэгний амь насыг авч явна эсвэл аз таарч хэн ч бэртэж гэмтэхгүй зүгээр өнгөрнө.Гэхдээ аз таарах бараг л боломжгүй.Монголчууд ярьдагдаа аз сохороо гэж.Монгол улсын замын хөдөлгөөний азанд найдуулсан хуулиа яаралтай өөрчлөөчэй гэж хичээнгүйлэн хүсэж басхүү шаардаж байгаагаа олон олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ өмнөөс болон замын хөдөлгөөнд оролцож яваад цаг бусаар амь үрэгдсэн иргэдийнхээ өмнөөс илэрхийлж байна.
Монголчуудад хатуу хууль буюу хатуу аавийн гар хэрэгтэй болжээ.Монгол хүн цаг бусаар зүгээр л нэг согтуу Монголын хар гайгаар хөл гаргүй, хөгжлийн бэрхшээлтэй бүр цаашлаад алтан амь насаа алдах аюулаас ганцхан хууль л биднийг хамгаалж аварч чаднаа. Энэ бол согтуугаар жолоо барьсан бол бүх насаараа жолоо барих эрхгүй болох явдал юм. Яг одоо засаг төр жолоодож яваа эрчүүд маань маш сайн зөв аавууд гэж би боддог.
Зөв аавуудад хандаж хэлэхэд сахилаггүй Монголчуудад хатуу аавын гар дутаад байна шүү гэж хэлмээр байнаа. Тэнгэрээс заясан энэ биеийг тэнэг Монголоор тоглуулахгүй байя.
 
Хүндэтгэсэн: “Уучлал ба Хариуцлага Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Үндэсний Холбоо”ТББ Тэргүүн, МУСТА дуучин Г.Бадамцэцэг.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.104.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.