Говь-Алтай аймагт хонины нэхий үнэгүйдэж хаяхад хүрч байна
Үйл явдал
/
2020-09-03

Говь-Алтай аймаг нь 144,448км2 талбайд 57,479 хүн ам, 3 сая 597 мянган толгой малтай, газар нутгийн хэмжээгээр улсад 2 дугаарт ордог аймаг юм. Гэвч аймгийн малчдын орлого өдрөөс өдөрт буурч амьжиргааны түвшин жил ирэх тусам муудаж байна. Үүний гол шалтгаан нь малын гаралтай түүхий эдийн үнэ буурч байгаатай холбоотой юм. Оюутан сурагчдаа хичээл сургуульд нь явуулах, цар тахлын энэ хүнд үед тэдэнд жийрэг болчих орлого яалт ч үгүй хэрэгтэй. Гэвч зарим түүхий эд бүр үнэгүй байгаа нь тэдний жилийн дөрвөн улиралд цаг наргүй ажилладаг ажлын үр дүнг үнэгүйдүүлж байгаа юм.

Тус аймгийн Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй түүхий эд авах төвүүдэд

  • Адууны шир - 5000-6000₮,
  • Ямааны тарз – 1500₮
  • Хонины нэхий үнэгүй, өлөн – 3000₮
  • Үхрийн шир – 5000₮
  • Сарлагийн хөөвөр – 5000₮
  • Тэмээний ноос – 1 кг 500₮
  • Хонины ноос – 1 кг 1200₮
  • Ноолуурын үнэ-1кг 58000₮
  • Адууны дэл, сүүл-7000 төгрөгөөр авч байна.

Уг үнийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад үнэ буурсан бөгөөд 500 төгрөгийн үнэтэй байсан хонины нэхий ганц бохины үнэд ч хүрэхгүй үнэгүй ченжүүдэд очоод хаягдаж байна.

Хонины нэхий ийнхүү үнэгүй байгаа учир шалтгааныг түүхий эдийн ченж нар: “Нэхийг ашиглаж бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр байхгүй. Цаанаа ямар ч үнэгүй байгаа. Тиймээс өлөнг аваад нэхийг бол хаяж байна” гэв.

Харин малчид: “Жил бүр түүхий эдийн үнэ бага хэвээр байна. Малчид биднийгээ харж үзэн түүхий эдийн үнийг нэмэх бодлого баримталбал сайн байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.122.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.