ШИНЭ намын шилдэг гэх залуус “Би чадна” гэж попорч л чадах байх даа?
Үйл явдал
/
2020-09-06

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн толгойлж байсан ШИНЭ нам энэ жилийн парламентын сонгуульд далаараа цэвэр тавиулж далан таваар бууж өгсөн. Энэ нь ШИНЭ намыг Монголын улстөрийн амьдралын тавцангаас арчигдлаа гэсэн мессежийг ард түмэнд өгсөн. Үндсэндээ анх гудамжны улстөрөөс гараагаа эхэлж, долоон сарын 1-ний үйл явдлаас болж ял авахгүйн тулд Ардчилсан намын элгэнд ирж наалдсан дэлүү гэгдсэн попрогч Батзандангийнхаа рейтингээр цугларсан залуусын бөөмнөрөл л гэж эл намын гишүүдийг үнэлж болно.


Тэдэнд яс юман дээр улс орныг удирдаад явах хэмжээний боловсролтой, алсын хараатай, олонд танигдсан улстөрч залуус нүдний гэм. Харин ч жинхэнэ цүнх баригчдаас бүрдсэн залуусын бөөгнөрөл гэж хэлж болохоор. Харамсалтай нь нийслэл, аймаг, сум, баг орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед “Би чадна” гэж цээжээ дэлдэгсдийн улстөрийн өвчин сэдэрч эхлэв. Толгойгоо цогнолзуулах наж могой шиг ийм хурган улстөрчдийн өвчин нийгэмд болоод ард түмний аж амьдралд ихээхэн хор уршигтай юм. Шулуухан хэлэхэд ийм попрогчид улс орон, нийгмийн амьдралд олигтой хөгжил дэвшил авчирч байсан түүхгүй. Иймэрхүү попрогчдын жишээ дэлхийн түүхэнд олон.


Монголын нууц товчоонд гардаг Жамуха гэдэг дүрийг Жалбуугийн Батзандан өнөө цагт бүтээж яваа гэхэд болохоор. Иракын Ерөнхийлөгч Саддам Хусейн, Ливийн удирдагч Муммари Каддафи нар бол дэлхийн улс төрд тодорсон алдартай попрогчид. Тэд “Би бол ард түмний бурхан. Ард түмний амьдралыг би диваажин болгоно” гэж жигтэй сайхан амлах мөртлөө өөрсөддөө л хөшөө дурсгал босгуулж, өөрсдийгөө шүтэн бишрүүлж алтан жорлонд мөр харж явсан аймшигтай “би чадагчид”. Манай ШИНЭ нам мэтийн “Би чадагчид” чухамдаа тэдний Монгол дахь хувилбарууд. Хамгийн гунигтай нь ингэж “Би чадна” гэж попрон цээжээ дэлдэгсэд аливаа төр засгийн ямар нэгэн эрх мэдэлд очвол улс орон уруудан доройтож, ард түмний эв нэгдэл эвдрэн сүйрч тусгаар тогтнолд ч сөрөг нөлөө үзүүлж ирснийг манай сонгогчид эдүгээ мэддэг болсон. Тэд “Ард түмэн бол юу ч бичиж болох цагаан цаас” гэж бодож байвал дэндүү том эндүүрэл болно.


ШИНЭ намын “би чадна”-ууд улстөрийн амьдрал, улс орны хөгжлийг зүгээр л урлагийн тайзан дээр дуулж, хуурдаж, бүжиглэдэг жүжигчний мэргэжил, тийм учраас “уулыг нурааж, усыг эргүүлж, улсыг хөгжүүлэх бол алга урвуулахын дайтай зүйл” гэж бодож байвал энэ нь улс орны хувь заяанд ч, хувь хүнийх нь цаашдын карьерт ч сөрөг нөлөөтэй эмгэнэлт жүжиг болно доо. ШИНЭ намаас нийслэл, дүүргийн орон нутгийн сонгуульд сойх гэж залуусын нэрсийг анзаарахад гараан дээрээ дүүхэлзэж бариан дээр баарцаглах тийм л бэлэн ам шалдан гуяуд анзаарагдаад байгаа юм даа. Улс төр гэдэг хэр баргийн “Би чадна”-уудын цээжээ дэлдэж, цээрээ умартдаг хэнхгүүдийн хэл амаа уралдуулдаг индэр биш дээ, уг нь. ШИНЭ намын залуусын энэ хөөрцөглөлийг харахад өөрсдийнх нь мөнгө төгрөгт ч халгаатай, улс орны эдийн засагт ч хөнөөлтэй зүйл л анзаарагдаад байгаа юм даа. Гэвч, тэд дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй гэгчээр “Би чадна” гэж баахан попорч өгөх нь дээ.

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.44.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.