Агаарын бохирдлын эх үүсвэрийг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо
Үйл явдал
/
2020-09-14
Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос өнөөдөр (2020.09.14) “Агаарын бохирдлын эх үүсвэр, түүнийг хэрхэн бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов.

Хурлыг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг даргалан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Дамдинням, Т.Доржханд, Х.Булгантуяа, П.Анужин, Ж.Батжаргал, Д.Сарангэрэл болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, “Таван толгой түлш” ХХК, “Газком” ХХК-ийн төлөөлөл оролцов.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт 2025 он хүртэл нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна гэж заасан. Ирэх дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах боломжтой. Энэ жил сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж галлагааны горимд өөрчлөлт оруулснаар агаарын бохирдлуудын тодорхой үзүүлэлтүүдийг 50 хувь хүртэл бууруулсан. Нийслэлийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сараас гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангаж, 35.370 айл өрхийг цахилгаан болон бусад эх үүсвэрт, 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид, 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр, 109 аж ахуйн нэгжийн 236 халаалтын зууханд утаа шүүгч, 248 зуухыг цахилгаан халаалтад шилжүүлж, нийт 78 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бодитойгоор бууруулаад байна. 2019-2020 оны халаалтын улиралд нийт 524 мянган тонн сайжруулсан түлшийг гэр хорооллын айл өрхүүд хэрэглэсэн. Сайжруулсан түлшний борлуулалтын урамшуулалд 4.0 тэрбум төгрөг, тээвэрлэлтийн зардалд 8.9 тэрбум төгрөгийг нийслэлийн 2020 оны төсвөөс зарцуулаад байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр 1000 тонны багтаамж бүхий 5 агуулах, 107 байршилд сайжруулсан түлшний борлуулалтын цэг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд одоогоор 57 байршилд агуулах барьж ашиглалтад оруулсан. Түүнчлэн 200 мянган ширхэг угаарын хийн мэдрэгч төхөөрөмжөөс 162469 ширхгийг айл өрхүүдэд суурилуулсан гэж Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав.

Харин 2020-2021 оны халаалтын улирал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах шинэчилсэн бүсэд Баянзүрх дүүгийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороод нэмэлтээр орсон байна. Нийслэлийн хэмжээнд 30 хангамжийн бааз байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж, 1000 борлуулалтын цэг байгуулах, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/864 дугаар захирамжаар сайжруулсан түлшийг дүүрэг тус бүрд 60 мянган тонноос багагүй хэмжээгээр нөөцлөхөд шаардлагатай агуулах түрээслэх ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийн зэрэгцээ 72 мянган тонн түлшний нөөцийг бүрдүүлжээ.

Гэр хорооллын айл өрхийн ахуйн хэрэглээний зуухны MNS5216:2016 стандартыг хангуулах, зөв галлагааны зөвлөмжийг өгөх, зуухны битүүмжлэлийг шалгах, гэр байшин сууцны агаар сэлгэлтийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийг ашиглах заавар зөвлөгөөг иргэдэд өгөх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгааг хэллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 8 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгт 32 улсын байцаагч, 24 цагаар хяналт шалгалт хийж байгаа. Хяналт шалгалтаар 197.6 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсаныг Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, Амгалан дулааны цахилгаан станцад төвлөрүүлжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлш, үйлдвэрт хийсэн шалгалтаар 95 заалттай 4 мэдэгдэл, 32 заалттай 2 албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд 70 хувийн биелэлтийг хангаад байна. Тухайлбал, лабораторийн шинжилгээний дүнгээр шахмал түлшний чийглэг, үнслэг, дэгдэмхий бодис, нийт хүхэр, илчлэг, бат бөх чанарын үзүүлэлтүүд нь сайжруулсан түлшний MNS5679:2019 стандартыг хангасан байна. Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчид хийсэн шинжилгээгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс илрээгүйг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.142.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.