Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван-И-г хүлээн авч уулзлаа...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-16

Коронавируст цар тахлын улмаас Монгол Улсад орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан уулзалтын үеэр халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд сахиж, зохион байгуулж байна. Тодруулбал, талуудын албан ёсны төлөөлөгчид гурван метрийн зай бүхий аюулгүй бүсэд байраа эзэлснээр уулзалт эхэллээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий дахин тархсан цар тахлын үед БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгасан үйл явдал болж байна гээд, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинд дэвшүүлсэн мэндчилгээг нь уламжилж өгөхийг хүсэв.

Уулзалтын үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулж, хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цаашид улам нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд идэвх, санаачилгатай ажиллах, ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Мөн хоёр орны хүмүүнлэгийн харилцааны зарим асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах нь чухал болохыг тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Ван Игийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүслээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.147.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.