Хариуцлагагүй аялал жуулчлал хариуцлагагүй уул уурхайгаас ялгаагүй гэсэн үг бий. Хариуцлагагүй уурхай ухаж төнхөж баялгийг нь сороод онгорхой нүх, хатсан ганга сайр үлдээгээд явдаг бол хариуцлагагүй аялал жуулчлал ч түүнээс дутахгүй хохирлыг сор болсон сайхан газруудад учруулдаг боллоо. Хэдийгээр монголчууд эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялаж зугаалж, танин мэдэх сонирхолтой болсон нь сайшаалтай ч явсан, хүрсэн газар бүрээ буртаглаж бузарладаг муу зуршлаа гээж чадахгүй байна. Хогоор буртаглах бүү хэл, гадасны нүхээ булж, гал түлсэн газраа шороогоор дарж, усанд сүү, шүүс дусаахыг цээрлэдэг байгаль хамгаалах өнө эртний уламжлалтай монголчууд монголоо алдаж буйн шинж энэ гэлтэй.
Нэг хэсэг Хөвсгөл далай үзнэ гэж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, Улаанбаатар-Хөвсгөлийн замд түгжрэл үүсгэсэн. Үр дүнд нь нуурын эргэн тойрны ой модонд ариун цэврийн цаас хөглөрч, мөчир нахианд нь наалдан дэрвэж хүн ойртох байтугай сэжиглэж дүрвэмээр болгосон. Уг нь эко ариун цэврийн байгууламж шийдсэн боловч “Хүрэхэд хол байна” гэсэн шалтгаар өтгөн, шингэнээрээ ой мод “бордож” байгаа нь тэр. Бас болоогүй, нуур руу түрж орсон Суман хад нэртэй хясааг Хүслийн хад болгоод мөнгө төгрөг зулж, шар тосоор нялж, хамартай амьтан дөхөх аргагүй өмхий самхайн үүр үүсгэв. Баяжих гэж байгаа санаа нь гэнэ. Жуулчны баазууд бохироо нуурын усанд цутгаж, очсон хүмүүс хир тоосоо базсаар цэвэр тунгалаг Хөвсгөл нуурын зах хөвөөгөөр замаг ургаж, жижиг шавьж бужигнадаг болжээ.
“Кэмпүүдийн хоорондох шороон зам цагаан өнгөтэй байгаа нь газрын хөрс зулгарч фосфорид ил гарч буй нь” гэж нутгийн иргэд хэлдэг. Нуурыг сүйтгэж болох хамгийн аюултай бодис хамрын тамхи шиг нунтагхан болоод машины дугуйн аясаар бургилан далай мандалд бургин бууж байгаа нь тэр. Фосфоридоор “бордуулсан” замаг өтгөрөн нуурын усан мандлыг булаан ширгээж, намагжуулахын эх үүдэл энэ юм. Хожим Хөвсгөл далай байсан газар бамбалзуур намаг үлдэж хоцрохын цондон.
Эзэн Богд Чингисийн хаан ширээнд залагдсан түүхтэй Хар зүрхний хар нуурыг зорих олны хөл тасрахаа больж, хөрсийг нь талхалж, усыг нь бохирдуулж эхэлсэн. Архангайн домогт Тайхар чулууг цементэн замаар хүрээлж унаган төрхийг нь алдагдуулаад зогсохгүй дээр нь нэр усаа сийлж, шинэ цагийн хадны сүг зураг бүтээгсэд олширчээ.
Увсын Хяргас нуурын Хэцүү хад, Завханы Улаагчны хар нуур гээд дараа дараагийн үзэсгэлэнт газрууд руу хошуурахын хэрээр хур хогийн цэг үүсэж, хүн зүглэхэд хэцүүхэн болж хоцорч байна. Үзэсгэлэнт сайхан амууд нь хүний өтгөн, ус, ундаа, шар айрагны саванд дарагдаж, хоёр хөлт бүү хэл араатан жигүүртэн дайжихад хүрч буй нь эмгэнэл. Сайн санаат хүмүүс хогийг нь цэвэрлэх боловч буртаглагсдын тоо тэднээс үлэмж илүү. Нутаг орны зүгээс ариун цэврийн газрууд, хогийн цэг байгуулах гэхээсээ илүү хэдэн төгрөг олж байвал газар орон сүйдэх юу ч биш гэсэн сэтгэлтэй. Байгалийн үзэсгэлэнг үзэж харж бахархах атлаа өтгөн шингэн, хог новшоороо дарчихаад хамар амаа даран дүрвэх нь хүн бүү хэл, адгууснаас гарах авир биш.
Сүүлийн үед дуулдаж буй гэгээтэй мэдээ гэвэл БОАЖЯ-наас хөрсний бохирдлоос сэргийлэх, жуулчид, аялагчдыг тав тухтай байлгах, байгаль орчноо хамгаалах зорилгоор 100 газарт отоглох цэг барих зорилт тавьжээ. Энэ жил үүнээс 16-г байгуулж буйн нэг нь "Хяргас нуур" байгалийн цогцолборт газар юм. Отоглох цэгт машины зогсоол, майхан барих, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон, хогийн цэг, гэрэлтүүлэг, саравч, сандал бүхий цогц орчин бүрдүүлэх ажээ.
Тэгвэл хог, новшоор байгаль дэлхийгээ буртаглагсдад улс орон бүр таарч тохирох арга хэмжээг оноодог болжээ. Тухайлбал, Тайландын тусгай хамгаалалттай газар нутагт аялсан жуулчдад тарьсан хогийг нь буцааж шуудангаар хүргүүлдэг болох гэж байна. Нийслэл Бангкокоос холгүй орших Кхао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалсан иргэд их хэмжээний хог хаяж орчныг бохирдуулдаг муу зуршилтай.
Хог хаясан иргэн ингээд өнгөрөхгүй, шуудангийн хөлсийг төлөхөөс гадна тухайн хүний мэдээлэл орон нутгийн цагдаагийн байгууллагад хүрнэ. Байгаль орчныг ихээр бохирдуулсан хүн тав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 500,000 тайланд бат буюу 16 мянган ам. долларын торгууль хүлээх ёстой .
БОАЖЯ одоо байгуулах 100 отоглох цэгийнхээ дэргэд экологийн цагдаа, байгаль хамгаалагчдыг ажиллуулж, тэднийг унаа, холбооны хэрэгслээр хангаж, хог таригсдыг торгож, өөрсдөөр нь буртгийг нь цэвэрлүүлж арга хэмжээг нь чангатгаад өгвөл сайхныг нь харж бахархах гэж очоод бохироороо булаад буцдаг арчаагүй зангаасаа аялагчид салахад тустай. Уул усаа буртаглахыг аялаж зугаалах гэхгүй гэдгийг сануулж, байгаль, эх дэлхийгээ хамгаалж ирсэн өвгөдийнхөө ёс уламжлалыг дунд сургуулийн сурагч байхаас нь иргэддээ түгээдэг соён гэгээрүүлэх ажил ч чухал болж байна.
Д.Оюунцэцэг
ЭХ СУРВАЛЖ: Өглөөний сонин
-
3 цаг 21 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13