Хөнгөлөлттэй эм нэрийн дор ЭМИЙН БИЗНЕСИЙГ ДЭМЖИЖ, ИРГЭДЭЭ ХОРДУУЛЖ байгаа талаар тэр хөндлөө
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-21

УИХ-ын гишүүн П.Анужин төрөөс баталж буй хууль, журмууд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бус, эмийн хамааралтай болгоход чиглэж байна хэмээн шүүмжиллээ.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Хуулийн төсөлд анхаарах зүйл их байгааг хуралдаанд оролцсон гишүүд хэлж байсан юм. Түүний нэг нь УИХ-ын гишүүн П.Анужин байлаа. Тэрбээр “Эмийн хэрэглээнээс гаргах бодлого гэж байдаггүй юм уу. Бид хүмүүсээ улам эмийн хамааралтай болгох талаар л ярьж байна. Эрүүл монгол хүн гэсэн бодлого нь хаана байна вэ. Эм эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж юуг хэлж байна вэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүийг оруулж байна уу. Эм бол өвдсөн хойно нь хэрэглэдэг, хүнсний нэмэлт бол өвдөхөөс нь өмнө хэрэглэдэг тэс өөр зүйл. Иргэдийн хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ. Тойрогтоо ажиллаж байхад асуулт асууж байгаа хүн бүр л эмийн хөнгөлөлтийг асууж байна. Бид ард иргэдийнхээ хэдэн хувийг эмийн хамааралтай болгочихоод одоо эмийн бизнесийг дэмжих гээд байгаа юм бэ” гэлээ.

Үүний хариуд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай гэсэн статистик тоо байхгүй гэдгийг хэлсэнсэн бол 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

-Эмийн жор бичилтийг цахим системд шилжүүлнэ гэж байгаа. Сум, хорооны эмнэлэг цахим системд хэр шилжсэн бэ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодист хяналт тавина гэж байгаа. Яаж хяналт тавих вэ. Сэтгэцэд нөлөөлдөг хүмүүс насны хувьд асар залуужсан байгаа. Хяналт тавьж байгаа зүйл алга. Цагдаагийн газарт ерөнхий боловсролын хүүхдүүд шалгагдаж байна гэсэн мэдээлэл бий. Яаж хяналт тавих вэ?.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:

-Хөнгөлөлттэй эмийг олгох цахим жор бичилт дээр бэлтгэл ажил хангагдаж байна. Арваннэгдүгээр сараас цахимаар жор бичээд явна гэж төлөвлөж байгаа. Хуулийн байгууллага хяналт тавиад явна.

2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Засгийн газраас өргөн барьсан дээрх хуулийн төсөл хүн болон малын эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний талаар тусгажээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн төслийг яаран хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлээд мал болон хүний эмийн талаарх бодлогыг тусад нь авч үзэх нь зүйтэй гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.37.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.