​Ипотекийн зээлийн журамд 35-аас дээш насныханд зээл олгохгүй гэсэн өөрчлөлт оруулаагүй

​Ипотекийн зээлийн журамд 35-аас дээш насныханд зээл олгохгүй гэсэн өөрчлөлт оруулаагүй

 

Ипотекийн зээлийн хүүг найман хувиас зургаан хувь болгоход зээлийн журамд ямар өөрчлөлт орж байгааг Барилга хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболдоос тодруулахад “Ипотекийн зээл хэрэгжих хугацаанд хоёр журмаар зохицуулж явж байсан. Нэг нь Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан журам, нөгөө нь Засгийн газрын баталсан журам байсан. Тухайн зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас гаргавал Монголбанкны журмыг дагаад, Засгийн газраас гаргавал Засгийн газрын журмыг дагаж явдаг байсан. Энэ асуудлыг цэгцлээд Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан хуучин журмаар явахаар тохиролцсон. Хуучин журамд оруулсан хоёр гол өөрчлөлт байгаа. Нэгд, шинээр олгох ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох, хоёрт, нийслэлд амины орон сууц худалдаж авах бол ипотекийн зээл олгоно гэсэн хоёр л өөрчлөлт орсон. Түүнээс 35-аас дээш насныханд зээл олгохгүй ч гэдэг юм уу бусад зүйлүүдэд өөрчлөлт оруулаагүй, хуучин хэвээрээ байгаа.

Хамтран зээлдэгчийн тухайд заавал хамтран зээлдэгч байна, байхгүй гэсэн зохицуулалт байхгүй. Өмнө нь ч байгаагүй, одоо ч байгаагүй. Гол нь үндсэн зээлдэгчийн өөрийн орлого нь зээлээ төлж хангалттай хүрэхээр, тогтвортой орлоготой гэдэг нь нотлогдвол заавал хамтран зээлдэгчийн шаардлага байхгүй. Гол нь банкнаас үндсэн зээлдэгчийг эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд заавал хамтран зээлдэгчтэй байна гэсэн шаардлага тавиад байгаа юм.

Ипотекийн зээлийн хүүг бууруулж зургаан хувь болгосноор өрхийн орлогод тавьдаг байсан шаардлага буурсан. 1.2 сая төгрөгөөс доош орлоготой иргэд хамтран зээлдэгчгүй хамрагдах боломжтой болсон. Мөн зээлдэгчийн сард төлөх хэмжээ 20 гаруй хувь буурч байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.