Эх орон

Салхины нь үнэрийг санагалзаж суугаа бол энэ эх орон. Сайхан нутаг минь гэж хайрлаж байгаа бол энэ эх орон. Сэтгэл хоргодоод холдож чадахгүй байгаа бол энэ эх орон. Харь бүхнээс харамламаар байвал энэ эх орон. Хүсэл мөрөөдлөө үлдээмээр байвал энэ эх орон. Бүхнээ зориулмаар бодогдож байвал энэ эх орон. Бүтэн байгаасай гэж залбирч явдаг бол энэ эх орон. Бүрэн байгаасай гэж бэлгэшээж байгаа бол энэ эх орон. Эзэн нь би гэж аархаж байгаа бол энэ эх орон. Энэ миний нутаг гэж өмгөөлж байгаа бол энэ эх орон. Чулуу нь хүртэл зөөлөн санагдвал энэ эх орон. Чанад алсаас тэмүүлж байгаа бол энэ эх орон. Жавар нь хүртэл дулаахан мэдрэгдвэл энэ эх орон. Жаргаана даа гэж амлаж байгаа бол энэ эх орон. Санааны үзүүрт хоргодож байгаа бол энэ эх орон. Сүү өргөн ерөөж байгаа бол энэ эх орон. Харах тоолонд хайрлаж байгаа бол энэ эх орон. Халуун сэтгэл тэмүүлж байгаа бол энэ эх орон. Зүрхэн тушаа хөндүүрхэн байгаа бол энэ эх орон. Зүүдэнд үзэгдээд уйлуулж байвал энэ эх орон. Зүсэрсэн бороо нь сүү шиг санагдвал эх орон. Зүггүй салхи нь танил санагдвал энэ эх орон. Нэр нь чамтай цуг байвал энэ эх орон. Нар нь ивээж байвал энэ эх орон. Цэцэгс нь чамд эрхэлж байвал энэ эх орон. Цэнгэг ус нь ундаалж байвал энэ эх орон. Уул мэт түшигтэй санагдвал энэ эх орон. Үндэс мэт өгөөжтэй байвал энэ эх орон. Үр хойч шиг энхрий санагдвал энэ эх орон. Ховор бөгөөд нандин байвал энэ эх орон. Холын холоос нялхарч байвал энэ эх орон. Аав, ээж шиг ачлалтай санагдвал энэ эх орон. Ахан дүүс шиг элгэмсүү байвал энэ эх орон. Зорьж очихоор яарч байвал энэ эх орон. Зол жаргалаар бялхаж байвал энэ эх орон. Зоргоороо туйлахад уучилж байвал энэ эх орон. Заяа тавилан гийгүүлж байвал энэ эх орон. Төр түмнээ дээдэлж байвал энэ эх орон. Туг, соёмбоо шүтэж байвал энэ эх орон. Өвөг дээдэстээ мэхийж байвал энэ эх орон. Өнө мөнх гэж залбирч байвал энэ эх орон. Нэр, овог нь дагаж байвал энэ эх орон. Нас нэмэн ойртож байвал энэ эх орон. Элэг зүрх чинь бэтгэрч байвал энэ эх орон. Эргээд дандаа бодогдож байвал энэ эх орон. Элж мохсон ч итгэж байвал энэ эх орон. Ээждээ үнсүүлсэн шиг тайтгарч байвал энэ эх орон. ЭХ ОРОН ...

Хошууч Х.ГАНЗУЛ

Эх сурвалж: "СОЁМБО" СОНИН

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.103.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.